Azimut

Геодезийн төлөө зүтгэе!!!!

Сургамжит өгүүллэгүүд 4 -р хэсэг

Хулс мод

Хулс модны ургах нь тууштай байхын тухайд тохирсон жишээ юм.

Хятад хүмүүс хулс модыг тарихдаа эхлээд үрийг газарт булан усалж борддог. Эхний жил үрэнд ямар нэг өөрчлөлт гарахгүй. Үрийг дахин усалж бордоно. Хоёр дахь жилдээ ч хөрсөн дээр ил нахиалж гөлөглөхгүй. Дахиад гурав дахь, дөрөв дэх жил ч урд жилүүдийн адил хулсны үрийг усалж бордсоор л байдаг. Гэвч зөрүүд хулс бас л нахиалдаггүй.

Хятад хүмүүс их тэвчээртэйгээр 5 дахь жилдээ ч усалж бордсон хэвээр байдаг бөгөөд арай гэж 5 дахь жилийнхээ сүүлээр хулс мод соёолж зургаан долоо хоногийн богинохон хугацаанд ойролцоогоор 27 м болдог. Хүний толгойд хамгийн түрүүнд урган гарч ирдэг асуулт бол “хулс мод зургаан долоо хоногийн дотор уу, 5 жилийн дотор 27 м өндөр болсон уу”юм. Энэ асуултын хариулт нь мэдээж 5 жилийн дотор. Маш их тэвчээр, цөхрөлтгүй хүлээсний эцэст хулсыг 5 жилийн турш усалж бордоогүй бол хулс ургах нь битгий хэл нахиалах тухай ч ярихын хэрэггүй.

Амжилтын зарчмууд нь маш энгийн. Хэсэг хугацаанд хөдөлмөрлдөж бас нэг хэсэг хугацаанд тэсвэртэй хүлээх хэрэгтэй. Үргэлж итгэлтэй байж хэзээ ч бүү бууж өг.

“Сургамжит өгүүллэг 2″ номноос

 

Ааваас хүүдээ бичсэн захидал

Хүү минь сонсооч, эдгээр үгсээ чамайг унтаж байхад чинь хэлье. Чи минь өхөөрдөм жоохон гараараа хацраа дэрлээд унтаж байна. Дух чинь хөлрөөд буржгар үс чинь наалдчихаж. өрөөнд чинь яг л хулгайч шиг сэмхэн орж ирлээ. Хэдхэн минутын өмнө өрөөндөө суугаад сонин уншиж байхдаа чиний өмнө буруутай юм шиг санагдаад явчихлаа. Буруу зүйл хийчихсэн гэдгээ мэдрээд орлуу чинь дөхлөө. Аав нь юу бодсоноо хэлье. өглөө их ууртай байснаа санаж байна. Сургуульдаа явах гээд хувцсаа өмсөж байхад чинь зэмлэж орхисон. Яагаад гэвэл хүү минь чи нүүр гараа угаах гэж зүгээр нойтон алчуураар арчсан байсан. Гутал чинь шороотой хэвээрээ байхыг хараад чамаар цэвэрлүүлсэн\. Зарим дэвтэр номоо хайш яайш тараачихсан байхаар чинь муухай орилсон. Цайгаа ууж байхад чинь маш олон дутагдалыг чинь олж харлаа. Асгаж цутгаад, амандаа хийсэн хоолоо зажилахгүй залгиад, талхан дээр цөцгийн тосоо зузаан гэгч нь түрхээд.

Чи тоглохоор явна, харин би унаандаа амжих гээд. Аавруугаа харснаа гараараа даллан “ааваа баяртай” гэхэд чинь цэх зогс гэж чамд тушаасан.

Орой байдал өөр байсан. Гэртээ харих замдаа чамайг газар явган суугаад найз нартайгаа бөглөө тоглож байхыг чинь харсан. Оймс чинь урагдчихсан байсан. Найз нарын чинь хажууд чамайг зэмлээд гараас чинь татан гэрт оруулсан. Тэгээд энэ оймс их үнэтэй. Оймстой байя гэвэл гамтай байхгүй яасан юм гэж загнасан.

Хүү минь төсөөлж байна уу. Эдгээрийг чамд аав чинь хэлсэн. Санаж байна уу. Тэгээд дараа нь ажлынхаа өрөөнд орсон. Нүднээс чинь гомдол харагдаж байсан. Ямар нэгэн зүйл хийх гээд чадахгүй байгаа бололтой. Харин би “чи яах гээв ” гэж чамруу хашгирсан. Юу ч хэлэлгүй хүү минь гүйж ирээд хүзүүгээр минь тэврээд намайг үнссэн. Тэр нь гэхдээ хайр дүүрэн үнсэлт байсан. Тэгээд гүйгээд явчихсан. Барьж байсан цаас минь гараас уналаа. Би чинь юу хийчихвээ үргэлж л хүүгийнээ алдааг олж хараад байх юм гэж бодсон. Аав нь чамайг ингэж л “шагнасан” шүү дээ. Чамд хайргүйн учраас биш, чамаас их зүйлийг л хүлээж байсан болохоор тэр шүү дээ. Чамайг өөрийнхөө насны хэмжээнд л дүгнэж байсан байна. Гэхдээ чамд минь олон сайхан чанар байдаг. Сэтгэл чинь үнэхээр цайлган. өнөөдрийн үнсэлт чинь үүнийг баталж өгч байна. Харанхуйд орны чинь өмнө сөхөрч суугаад үнэхээр ичиж байна. Эдгээрийг чамайг сэрүүн байхад чинь хэлээд ч ойлгохгүй гэдгийг чинь мэдэж байна. Гэхдээ маргаашаас эхлээд жинхэнэ аав байхаа амлая. Чамтай тоглоно. Чамайг гомдоход хамт гомдон, чамайг инээхэд хамт инээнэ. Таагү зүйл хэлэхээр бол хэлээ хазъя. өөрөө өөртөө “энэ чинь хүүхэд шүү дээ” гэж сануулж байя. Аав нь хүүгээ том хүн шиг бодож байж. Гэвч чи минь жаахан хүүхэд. Дөнгөж өчигдөрхөн л ээжийнхээ тэвэрт байсан. Сэвлэгийг нь үнэрлээд л баймаар. Толгойгоороо мөрийг нь дэрлээд л, шшш үр минь чамаас ямар их юм шаардаж байсан юм дээ.

Хүмүүсийг шлү үмжлэхийн оронд тэднийг ойлгохыг хичээгээрэй. Юу хийхийг хүссэнийг нь ойлго. Дотно байж, хүлцэнгүй эелдэг байх нь шүүмжлэхээс хавьгүй илүү нөлөөтөй. Ойлгоно гэдэг уучласных . бүү шүүмжил, бүү зэмлэ, бүү буруутга.

“Сургамжит өгүүллэг 2″ номноос


Их зүйл багаас эхэлнэ

Нэг өглөө зохиолч номын сэдвээ бодсоор далайн хөвөөгөөр алхаж явлаа. Тэр далай руу ямар нэгэн зүйл шидэж байгаа хүнтэй тааралдажээ. Нөгөө хүн рүү дөхөж очтол тэрээр эрэгрүү шидэгдэн гарч ирсэн далайн одуудыг далай руу буцаан шидэж байв. Зохиолч:

та эднийг яагаад далай руу эргүүлж хаяд байгаа юм вэ, гэхэд

-Удахгүй нар мандана. Усны давлагаа татарч одууд хатаж үхнэ шүү дээ гэж хариулав. Зохиолч:

-Эрэг урт, энд олон мянган далайн одууд байна. Та бүгдийг нь далай руу шидэж амжихгүй шүү дээ. Шидсэн шидээгүй ялгаагүй юм биш үү гэхэд нь нөгөө хүн цуглуулсан однуудаасаа нэгийг авч шидэнгээ:

-та хар л даа, түүний хувьд их зүйл өөрчлөгдөж байгаа биз дээ гээд дахиад нэг одыг далай руу шидэв.

 

Би түүндээ хайртай байсан…

Лам шарилын толгойн тус зогсоод залбирал уншиж байв. Гэнэт 50 жил ханилсан ханиа оршуулж байгаа настай эр ” би түүндээ хайртай байсан.” гэж чанга дуугаар цурхиран уйлж эхлэв. Нам гүм байсан оршуулагын ёслолыг ийнхүү хижээл эр эвдэв. Гэвч намдах шинжгүй үргэлжлүүлэн уйлсаар байсан тул тэнд байсан үр хүүхэд, найз нөхөд нь баахан санаа зовж эхлэв. Тиймээс хүүхдүүд нь “Ааваа бид нар мэдэж байна аа гэхдээ та одоо тайвшир, чимээгүй байл даа” гэж гуйх шаардах зэрэгцэн хэлж байв.

Өвгөн, шарилын хайрцагийг нүх рүү буулгах агшинд мөн л цурхиран уйлж эхлэв. Лам гэр бүлийнхэнд шарилын нүхэнд шороо хийх хэрэгтэй гэхэд өвгөн улам чангаар “Би чамдаа хайртай байсан шүү дээ, би чамдаа хайртай байсан шүү дээ,Би чамдаа хайртай байсан шүү дээ” гэж уйлж байгаа өвгөнийг хүүхдүүд нь аргадж байсан ч өвгөн огт тоосон шинжгүй “Би чамдаа хайртай байсан шүү дээ” гэж уйлж байв.

Удалгүй хүмүүс нэг нэгээрээ тарж эхэлсэн ч өвгөн явах янзгүй суусаар л байв. Чулуун дээр бичсэн нэр лүү гөлрөн суусан өвгөнд лам дөхөж очоод “Танд ямар хүнд байгааг ойлгож байна л даа. Гэхдээ одоо эндээс явцгаая, үхсний араас үхэх биш дээ. Бидний амьдрал үргэлжиж байна.” гэв. Гэтэл өвгөн шаналан “Би түүндээхайртай байсан. Гэхдээ гэхдээ… залуу байхад аа нэг юм уу 2 удаа л хэлсэн. тэрнээс хойш нэг ч хэлээгүй” гэжээ.

ТА ХЭН НЭГЭНД ЭНЭ ҮГИЙГ ХЭЛЭХЭЭ МАРТААГҮЙ БИЗ . ОРОЙТОЖ МЭДНЭ ШҮҮ!!!!

“СУРГАМЖИТ ӨГҮҮЛЛЭГ 2″ НОМНООС

 “ЦУУРАЙ”

Найм ес орчим настай хүү эцгийн хамт ууланд аялж явжээ. Гэтэл хүү гэнэт хальтран унаад өвдсөндөө болон “ёо ёо” гэж орилжээ. Гэтэл дуу нь цуурайтан эргэн сонсогдожээ. Хүү хэн нэгэн бас “ёо ёо ” гэж орилохыг сонсжээ.

Өмнө нь ийм зүйлтэй огт тааралдаж байгаагүй тул гайхан:

“Чи хэн вэ”гэж хашгирав.

Хариу ч тэр дороо ирлээ.

“чи хэн вэ?”

Харин хүү бухимдан:

“хулчгар” гэв.

Хариу бас л ижилхэн:

“Хулчгар ” гэж ирэв.

Хүү аавдаа:

“Ааваа энэ чинь одоо юу болоод байгаа юм вэ би ойлгохгүй байна.” гэв

Аав нь:

“миний хүү сонсож бай” гээд,

“Бүх юм сайхан” гэж хашгирав

Уулнаас ирэх дуу нь эргээд

“Бүх юм сайхан” гэв.

Аав:

“Би чамд хайртай”

Уулнаас ирэх дуу:

“Би чамд хайртай”

Хүү гайхсан хэвээр сайн ойлгоогүй байлаа.

Үүнийг харсан аав нь: “Үүнийг цуурай гэдэг юм. Гэвч амьдрал үнэндээ яг цуурай шиг байдаг. Чиний хэлсэн, хийсэн бүр чинь эргээд чамд тэр хэвээр тусдаг. Амьдрал бол бидний өөрсдийн хийсэн, хэлсний цуурай мөн билээ. Амьдралыг сайн сайхан байлгаж, муу муухайгаас цэвэрлэхийг хүсч байгаа бол өөрийнхөө сэтгэлийг сайн сайхан байлгаж, муу муухайгаас цэвэрлэх хэрэгтэй. Бусдыг өрөвч, зөөлөн байгаасай гэж хүсч байгаа бол эхлээд өрөвч зөөлөн байх хэрэгтэй. Амьдрал гэдэг чи түүнд юу өгнө, эргээд яг түүнийг чамд өгдөг жамтай”. гэж хэлжээ.

Девидийн түүх

Тэр жил хатагтай Ричель 5-р анги дааж авчээ. Тэдний ангид Девид гэдэг нэг хүү байжээ. Тэр хүү байнга хиртэй хувцастай, үс нь арзайж сэгсийсэн, ангийнхантайгаа нэг их нийлдэггүй болохыг багш нь ажиглажээ. Хатагтай Ричель Девидийн хувийн хэргийг нь уншиж танилцахаар шийдэв. Гэхдээ хувийн хэргийг нь уншиж эхлээд маш их гайхжээ. Учир нь нэгдүгээр ангийн багш нь “Девид маш ухаантай, сэргэлэн цовоо, гэрийн даалгавраа тогтмол хийдэг, найз нөхөдтэйгээ эвтэй найртай.” гэжээ. Харин цааш нь хоёрдугаар ангийн багш нь “Маш сайн сурагч. Гэвч ээжид нь хүнд өвчин туссан учир хэцүү байгаа бололтой. Ар гэрийн амьдрал хүнд байж магадгүй.” гэсэн байв. Гуравдугаар ангийн багш нь “Ээжийнх нь үхэл түүнд маш хүнд туссан. Аав нь нэг их анхаарал халамж тавьдаггүй. Ямар нэг арга хэмжээ яаралтай авахгүй бол ар гэрийнх нь хэцүү уур амьсгал түүнд нөлөөлнө.” гэж бичсэн байлаа. Харин дөрөвдүгээр ангийн багш нь “Девид бүрэг, хичээлдээ сонирхолгүй, ямар ч найз нөхөдгүй. Заримдаа хичээл дээр унтдаг.” Хатагтай Ричель Девидийн ямар хүүхэд байсныг нь мэджээ. Багш нарын баярын өдөр сурагчид нь хатагтай Ричельд өнгө өнгийн туузаар чимсэн цаасанд боосон бэлэг бэлэглэхэд тэрээр ихэд санаа зовжээ. Учир нь Девид түүнд бор цаасанд боосон, зарим шигтгээ нь унасан, хиймэл шигтгээтэй бугуйвч, нэлээд дундарсан үнэртэй ус бэлэглэжээ. Девидийн энэ бэлгийг харсан хүүхдүүд инээлдэн шоолоход багш, бугуйвч өөрт нь маш их таалагдсаныг хэлж үнэртэй уснаас нь хэд хэд шүршихэд хүүхдүүд инээлдэхээ больжээ. Тэр өдөр Девид багшдаа “Хатагтай Ричель, та яг миний ээж шиг үнэртэй байна.” гэж хэлжээ. Хичээл тарсны дараа хатагтай Ричель хэсэг уйлав. Тэр өдрөөс эхлэн Девидэд анхаарал тавьж эхэлжээ. Анхаарах тусам Девид улам бүр сэргэж яг л урьдынх шигээ хамгийн шилдэг сурагч болжээ. Жилийн эцсээр хатагтай Ричелийн гэрийн үүдэнд Девид нэгэн зурвас хавчуулсан байлаа. Зурваст “Та бол энэ дэлхий дээрх хамгийн сайн багш” гэсэн байлаа. Энэ зурвасыг бичсэнээс хойш зургаан жилийн дараа лицей төгсөхдөө, мөн дахиад зургаан жилийн дараа Девид хатагтай Ричельд захидал илгээж дүүргэсэн сургуулиудаа үргэлж амжилттай төгссөнөө мөн энэ дэлхийн хамгийн сайн багш бол та гэж бичсээр байлаа. Дахиад хэдэн жилийн дараа илгээсэн нэг захидалдаа Девид нэг сайн бүсгүйтэй танилцсанаа, аав нь хэдэн жилийн өмнө өөд болсон тул хатагтай Ричелийг хүргэний талыг төлөөлж өгхийг хүсээд мөн л та бол энэ дэлхийн хамгийн сайн багш гэжээ. Гэхдээ энэ удаа захидлын доор гарын үсэг зурахдаа хүний их эмч Девид гэж бичжсэн байв. Хатагтай Ричель хүүгийн хуриманд очихдоо олон жилийн өмнө түүний бэлэглэж байсан бугуйвчийг зүүж, үнэртэй уснаас нь түрхэхээ мартсангүй. Хайртай багшийгаа харсан Девид тосон угтаж, хайрлан тэврэхдээ чихэнд нь “Надад итгэсэнд тань, өөрөө өөртөө итгэх итгэлтэй болгосонд тань, натайг амьдралд итгэх игэлтэй болгосонд тань чин зүрхнээсээ баярладаг шүү багшаа” гэж шивнэжээ. Хатагтай Ричель хайр, нулимс дүүрсэн нүдээр Девидэд “Үгүй дээ хүү минь! Чи буруу ярьж байна. Чамтай тааралдахаасаа өмнө би багш гэдгээ мэдэрдэггүй байжээ” гэв.
Би анх энэ өгүүллэгийг гавъяат жүжигчин Чаминчулуун гуайг уншихаар нь их сэтгэл догдлон сонсож байлаа. Амжилтын түлхүүрт миний нэмэр.

Ухаан

Эрт урьд цагт Энэтхэгийн нэг ус тугээгч хувинтай дамнуургаар ус зөөдөг байжээ. Харин 2 хувингийн нэг нь цоорхой бөгөөд усных нь тал асгарахад хүрдэг байв. Энэ байдлаасаа цоорхой хувин ихэд ичиж, харин бүтэн хувин нь өөрөөрөө бахархадаг байв. Иймэрхүү байдлаар бүтэн 2 жил үргэлжилж, эцэст нь цоорхой хувин тэсч чадалгvй: -Эзэнтэн минь би өөрөөсөө ихэд ичиж байна. Мөн танаасаа уучлалт гуйхыг хүсч байна гэжээ. – Яагаад? гэж усчин асуухад: – Яагаад гэвэл би авч ирэх ёстой усныхаа дөнгөж талыг нь авчирдаг. Тэгээд та миний ийм байдлаас болж авах ёстой мөнгөө бүгдийг нь авч чаддаггvй шүү дээ гэхэд усчин хариуд нь: -Чи буцах замдаа замын хажуу талын цэцгүүдийг хараарай гэв. Цоорхой хувин буцахдаа замаа хартал үнэхээр сайхан цэцгvvд ургасан байлаа. Гэсэн хэдий ч хурэх газраа ирэхэд бас л тал устай байсан тул усчнаас дахин уучлал гуйв. Тэгэхэд усчин цоорхой хувингаасаа: ” Замын хажууд зөвхөн чиний талд л цэцгvvд ургасан, харин нөгөө хувингын талд цэцэг ургаагvй байгааг ажиглав уу? гэж асуугаад: – Yүний учир нь чамайг цоорхой болохоор замын хажуугаар цэцгийн үр суулгасан юм. Ус аваад буцах замдаа чи тэднийг усалж сайхан цэцгүүд ургуулсан. 2 жилийн турш би энэхүү цэцгүүдийг түүж эзнийхээ гэрт тавьдаг байсан. Хэрвээ энэ сайхан цэцгүүд байгаагүй бол түүний гэрт аз жаргал авч ирэхгүй байсан шүү дээ, хэмээн өгүүлжээ.

 

Амжилтын түлхүүрт миний нэмэр.

Нэгэн хүн багшийнхаа хамтаар кофе уухаар гал тогооруу оржээ…гэтэл багш нь данхтай кофег авч шалан дээр зүгээр л асгаж эхэлсэн байна…шавь түлэгдчихгүйн тулд хажуу тийш үсэрч ” -Хүлээгээрэй. танд ямар ч аяга байхгүй байна шүү дээ” гэсэнд багш нь гайхсан шинжгүй асгасаар л байв.. Багш тайвнаар : ” – Чи харав уу…Энэ шалан дээр асгаж үрэн таран хийсэн кофе бол таны авъяас чадвар юм..Аяганд хийхгүй бол ямар ч кофе үнэ хүрэхгүй..залхуурал хэнэггүйрхэл бол таны авъяас чадварыг үрэн таран хийж байна ” гэсэн гэдэг…

Шунал

Нэгэн залуу эмийн санд ажилд ороод ажилсаг, яриа хөөрөөтэй тул дорхноо хүн бүрт таалагджээ. Үйлчлүүлэгчийн хүссэн эмийг бэлтгэх зуураа тэдэнтэй ярьдаг байв. Тэнд ирсэн хүмүүс ямар ч баяр хөөргүй байдаг байсан ч тэрээр заавал нэг аятайхан зүйл олж тэдэнтэй анд нөхөд болдог байлаа.

Эмийн сангийн эзэн эмэгтэй түүнийг ажилд авсандаа үнэхээр сэтгэл хангалуун байсан тул үе үе цалинг нь нэмдэг байв. Гэвч түүний хувьд цалин нь хангалтгүй байсан тул хамгийн үнэтэй эмнүүдээс хулгайлж эхэлжээ. Тэднийг нууцаар үнэ хүргэн зарвал ядуу зүдүү байдлаасаа бага багаар салах байлаа.

Түүний ядуусын хороолол дахь гэр нь асар удалгүй өөрчлөгдөж эхэлжээ. Байшиндаа засвар хийж дээвэр дээрээ сансрын антенн босгожээ. Бусдын анхаарлыг хамгийн ихээр татсан зүйл нь түүний гэрээс өдөр бүр ханхалдаг шарсан махны үнэр байлаа. Зөвхөн баяраар л махны бараа хардаг хөршүүд нь юуны мах бол хэмээн тааж ядан үнэртэж, хүүхдүүдээ нэхэх вий хэмээн гэрийнхээ цонхыг хаадаг болжээ. Тэр хоол ундны тухай эхнэрийнхээ сануулгыг үл тоомсорлов.

Хөрш айлын гэрийн эзэн нас барсны дараа тэдний хүүхдүүдийн амьдрал хэцүү болсон ажээ. Гэвч мэдээжийн хэрэг залуу лусын хаан биш хүн бүрийг асран хамгаалж чадахгүй шүү дээ. Залуугийн гэр бүлийнхний хүүхдүүдэд өгсөн баярын билэг нь багагүй байв. Охиных нь багадсан эсвэл голж хаясан хувцсыг тэдэнд өгдөг байлаа.
Харин түүний эхнэр хааяа өнчин хүүхдүүдийн ээжид нь идэх зүйл илгээдэг байв. Гэвч нөхөр нь мах өгөхийг хориглодог байлаа. Учир нь хэрэв тэд махны амтанд орчихвол өөр зүйл идэхээн болих гэнэ.

Харин түүний охин нь байнга мах идээд залхсан учир “энэ нь өөхтэй, энэ нь ястай юм” гэж хоолоо амсаад орхидог байлаа. Тэдний хоолны үлдэгдэл нь хөрш айлынх нь хашаанд байдаг муур нохойнуудын хувьд гайхалтай сайхан найр ажээ. Гэвч залуу амьтныг үзэн яддаг байв. Иймээс “найрыг” эсргүүцэж түүнээс болж охиноо хүртэл хашгирч зарнажээ. Шөнө хонод хуцдагаас болоод галзуурахаа дөхөж байв. Ихэнхдээ тагтан дээрээ гараад нохдыг хөөж туудаг байлаа.

Залуу нохдын тухай захиргаанд гомдол гаргасан ч шийдтэй хариу аваагүй учир өөрөө асуудлыг шийдэх болжээ. Тэгээд хоолны үлдэгдэл дундаа шавжны хор хийгээд хашаандаа хаяжээ. Ингээд бүх зүйл сайхан болох байлаа.
Дараа өдөр нь хөрш айлын өнчин хүүдүүд нас барсан тухай дуулжээ. Ээж нь үгүйсгэсэн боловч эмч нар хүүхдүүдийг хордож нас барсан гэж оношилжээ.

Заяаны хань

Хаалгаар арай ядан тэмтчин орох залуу бүсгүйг автобусны зорчигчид их л өрөвдөнгүй харцгаана. Түүнийг Сузан гэх бөгөөд эмч нар буруу онош тавьж эмчилсэнээс гуч гаруйхан насандаа хараагүй болж, нэг л мэдэхэд уур уцаар, бухимдлын ертөнцөд унасан юм.

Хөөрхий бүсгүйд энэ ертөнцөд харах мэлмий, түших тулгуур болж үлдсэн цорын ганц хүн нь Марк байлаа. Тэрээр агаарын цэргийн армид алба хаана. Сузаныг хараагүй болоход түүний сэтгэл нь ихэд гутарсан боловч эхнэрээ өөртөө итгэлтэй, биеэ даасан эмэгтэй болоход нь туслах ёстой хэмээн Марк эрс шийджээ.

Сузан шинэ амьдралдаа өдөр ирэх тусам аажим аажмаар дасаж байв. Орон гэртээ байгаа айлын эзэгтэй хойно ойр зуурын ажлыг хөнгөхөн хийчихдэг боллоо. Тэр нэг үеэ бодвол хараагүй байна гэдэг тийм ч хэцүү зүйл биш болохыг ухаарч эхэлжээ. Цаг хугацаа өнгөрөх тусам тэд бие биенээ улам хайрлан, халамжилж, аливаа зүйлийг хамтарч хийдэг байв. Өдөр хоног ээлжлэн өнгөрсөөр Сузаны ажилдаа орох цаг нэгэнт болжээ. Эрүүл саруул байх үедээ ажил гэрийнхээ хооронд хол ч гэсэн автобусаар явж болоод л байдаг байсан. Харин одоо хараагүй болсон бүсгүйд ажил руугаа явна гэдэг хар дарсан зүүд мэт санагдана. Иймээс Марк өглөө бүр эхнэрээ ажил руу нь таксигаар хүргэж өгдөг боллоо. Сузан нөхөртэйгээ үргэлж хамт очиж, ирдэг болохоор сэтгэл нь тайван байдаг байв. Харин ингэж их анзаарч, асарч халамжлах нь ямар ч үр дүнгүй бөгөөд өөрөөс нь дэндүү их хараат болж байгаад  Маркийн сэтгэл ихэд зовних болжээ.

Тиймээс орой Марк эхнэртээ өөрийн бодлоо хэлэхэд, Сузан ихэд цочирдон,
“Чи намайг мэдэж байна уу? Би чинь сохор хүн шүү дээ. Хаашаа явж байгаагаа яаж мэдэх юм бэ? Удахгүй чи намайг орхиод явахад, би гэдэг хүн хэрхэн амьдрана даа” хэмээн бухимдан уйлав.

Эхнэрийгээ ингэж хэлэхэд, Марк их өрөвдсөн боловч “Би чамайг ажилдаа өөрөө явж чаддаг болтол чинь автобусаар хамт явах болно” гэж хэллээ. Ингээд хоёр долоо хоногийн турш Марк цэргийн дүрэмт хувцсаа өмсөн, эхнэртэйгээ хамт ажилд нь очиж, ирж байхдаа хараанаас бусад мэдрэхүйгээ ашиглан, орчин тойрныхоо баримжааг яаж олох талаар мэддэг бүхнээ зааж сургав. Мөн ажилд нь хүргэж өгдөг автобусны жолоочтой танилцуулж, өглөө бүр нэг суудал хадгалж байхыг захижээ. Хэрвээ хүн өөрөө л хичээж зүтгэвэл, ямар ч бэрхшээлийг даван туулж чаддаг жамтай. Ингээд нэгэн өглөө Сузан эртлэн босож, ажилдаа ганцаараа явлаа. Анхны өдөр түүнд юм бүхэн хэцүү байсан ч өдрөөс өдөрт сайжирсаар, алхаа гишгээ нь хүртэл хөнгөн шингэн болж, бүхнийг хийж чаддаг болсон юм.

Нэг өглөө Сузан ажилдаа очихоор автобусанд суухад, жолооч түүнд хандан:
- “Бүсгүй та их азтай хүн юм” гэж хэлэв.
- “Хараагүй хүн яагаад азтай байдаг билээ?” хэмээн асуухад,
- “Өдөр бүр таныг автобусаар явахад цэргийн дүрэмт хувцастай нэг сайхан залуу байнга дагаж ирээд, гудамжаар ажилдаа хүрэх хүртэл чинь алсаас харж, ажил руугаа ормогц, гараараа үнсэлт илгээчихээд л яваад өгдөг юм даа” гэлээ.

Ингэж хэлэхэд, Сузаны нүднээс баярын нулимс мэлмэрч эхэллээ. Тэрээр нөхрийгөө ямар их ухаалаг, тэвчээртэй, өөрт нь дэндүү их хайртай, халамжтай, үнэнч хань болохыг энэ үед ухаарчээ. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг энэ буюу. Бүсгүй их азтай хүн юм. Бурхан түүнд харах нүднээс илүү сэтгэлийн нүд, ханийн тэнгэр заяаж дээ.

Цусан өшөө

Би хэвтэж байхдаа тэднийг хэрхэн хөнөөхөө бодож байлаа. Тэдэнд мэдэгдэлгүйгээр дөхөн очиж, араас нь нам цохих нь хамгийн сайн арга байлаа. Намайг адгийн амьтан гэж хэлэх байх л даа. Гэвч өстөн дайсан минь ч энэ аргыг хэрэглэдэг шүү дээ.
Товчоор хэлбэл энэ цусан өшөө байлаа. Ялангуяа шөнө нойронд автадгийг мэддэг учраас өмнө нь алуулсан ах дүү нарынхаа өшөөг авах боломж хайж байгааг мэдэрч байлаа.
Тийм ээ, би тэднээс олныг хөнөөсөн юм. Мөн тэднээс биеэ хамгаалхын тулд юу хийснийг минь хүн бүр мэдэж байгаа. Харин дайснууд минь ойлгож байгаа гэж бодохгүй байна. Тэд миний төлөвлөгөөг мэдэхгүй нь лавтай. Учир нь тэдэнд олон удаа:
- Наашаа хүрээд ирцгээ, хэлэлцээр хийе. Та нар намайг битгий оролд, би ч бас та нарт хүрэхгүй. Цусаа хий дэмий урсгах хэрэггүй биз дээ гэж хэлж байсан. Гэвч тэд миний саналыг хүлээж авалгүй, ахин тулалдахаар ирдэг байв. Магадгүй хамгийн бяцхан үр нь хүртэл зэвсэг хэрэглэж чаддаг байхаа.

Тэднээс яаж салах вэ? Би хүч мөхөстсөнөө хүлээн зөвшөөрч хэрэв “бүгдээрээ зэрэг дайрвал яах вэ?” гэж боддог боллоо. Тэгвэл тэд биднийг шархдуулж хөнөөхөд тун хялбар болох байв. Тэд үүнийг санаагүй байлгүй дээ.
Тэр орой урьдынх шигээ хаалга цонхоо хаахаа мартсангүй. Орны доод хөндий, шүүгээнийхээ ар руу харж шалгахгүйгээр орондоо ордоггүй байв. Бусад өрөөнийхөө хаалгыг сайн хаадаггүй тул хуугээ дуудан түүнд:
- Хэрэв шөнө босч, орж гарвал хаалгануудаа онгорхой орхиж болохгүй гэж сануулдаг байлаа. Шөнө дунд ямар нэг чимээнд сэрлээ. Өрөөний хаалга хагас онгойн, чихран дуугарчээ. Харанхуйд нүдээ дасгах гэж оролдож байхдаа цонх онгорхой байгааг мэдлээ.
- Халуун байна гээд хүү минь онгойлгосон байх гэж дотроо бодож байсан ч дайснууд маань үүгээр орж ирсэн байх гэхээс эмээж байв. Босч харахаар толгой дээрх гэрлээ асаав уу үгүй юү тэдний нэгэнтэй улаан нүүрээрээ халз тулгарлаа. Миний зүг шийдэмгий ойртон хурц үзүүртэй зэвсэгээ чиглүүлжээ. Түүнээс өмнө би:
- Тийм ч амархан өртөхгүй шүү гээд байдаг чадлаараа түүнийг цохилоо. Гайхалтай сайхан цохисон тул өөрөөрөө бахархаж байлаа. Учир нь тэр өчүүхэн төдий дуу гаргалгүйгээр хананд наалдан цусандаа хутгалдсан байлаа. Түүнийг хананаас хусан арилгаж байхдаа:
- Ямар сайхан хэрэг вэ? Энэ шумуулууд ухаантай байсан бол яах байсан болдоо? гэж бодлоо. Ээ дээ энэ хүмүүс хоорондоо л байлдахаа больчихвол, бусдыг нь ч …

                                                                                                                     Сэтгэгдэл үлдээх.......

                                              1 , 2-р хэсэг.. 3 .... 5 .. 6 .. 7 .. 8