Azimut

Геодезийн төлөө зүтгэе!!!!

Сургамжит өгүүллэгүүд 5-р хэсэг

Агаарын бөмбөлөг

Бяцхан жаал агаарын бөмбөлөг худалдаж байгаа залуу эрийг ихэд шохоорхон харах зуураа, ямар олон бөмбөлөг вэ, надад нэг байдаг ч болоосой гэж бодно.Залуу үүнийг анзаараад жаал руу дөхөхөд жаал хүү зоригоо чангалан,

Ахаа надад нэгийг өгөөч гэж гуйлаа.

Бөмбөлөг худалдагч түүнийг нэг сонжин хараад,

Чамд мөнгө байхгүй юм уу гэж тоомжиргүйхэн асуучихаад яваад өгөв.

Бяцхан хүүгийн урам хугаран эргээд явж байтал өнөөх бөмбөлөгүүд залуу эрийн гараас мултран хөөрч орхив.Тэгээд замын хажууд ургасан нэгэн том хөгшин модонд орооцолдоод тогтчихож гэнэ.Хүү бөмбөлөгүүдийг ажиж, зогсоход нөгөө бөмбөлөг худалдагч,

Хүүе жаалаа гэж дуудаад, чи энэ бөмбөлөгүүдийг модноос авч чадвал нэгийг нь аваарай гэв.Жаалхүү баярлан гүйж очоод модонд авирлаа.Тэгээд ойрхон байсан нэлээд хэсгийг нь авав.Харин тэр дээр нарийхан мөчир дээр тогтсон нэг бөмбөлөгт хүрч чадсангүй.Хүү залууд бөмбөлөгүүдийг өгөөд,

Аль нь минийх вэ, та нэгийг аваарай гэсэн шүү дээ гэв.

Залуу доогтой хараад,

Чинийх модон дээр үлдчихлээ жаал минь гэлээ.

Хүү санаа алдан модон дээрх бөмбөлөг рүү нэг хараад, за яахав модон дээр байгаа ч гэсэн нэг бөмбөлөгтэй боллоо гэж бодон санаа алдав.

 

Сэтгэлийн нүд

Эмнэлэгийн нэг тасагт гурван өвчтөнийг хэвтүүлжээ. Хамгийн эхэнд ирснийг нь цонхны дэргэд, дараагийнхыг нь өрөөний голд, хамгийн сүүлчийнхийг хаалганы хажуугийн орон дээр хэвтүүлэв. Захын хоёр нь хүнд өвчний улмаас өдөржин чимээгүй хэвтэж, харин дундах нь бусдын адил босож чаддаггүй ч алиа хошин яриатай, өөдрөг дэврүүн сэтгэлтэй нэгэн байв. Тэр элдвийг хүүрнэн нөгөө хоёрыгоо хөгжөөж өвчин шаналгаагаа бага ч атугай нимгэлэхэд өдөр хоног ч хурдан өнгөрнө.

Ийнхүү сар, улирал үргэлжилсээр өвөл эхлэв. Хүн бүрийн сэтгэл хөнгөн уйтгарт автаж исгэрэх салхийг чагнан хэвтэцгээнэ. Гэтэл нэг шөнө үүр цайхын хэрд цонхны дэргэдэх өвчтөн нас баржээ. Өглөө нь түүнийг өрөөнөөс гаргаж, өвчтөнүүдийн байрыг солихдоо дунд орны өвчтөнийг цонхны дэргэд, хаалганы хажуугийнхыг түүний байранд шилжүүлэв.

Цонхны дэргэд очсон мөнөөх эр цонхоор харагдах бүхнийг дэргэдэх нөхөртөө ярьж эхэлнэ.

“Зөөлөн будрах цасан ширхэгээр гоёсон сүрлэг модод зам даган ярайж, зул сарынхаа гоёлыг тайлж амжаагүй хүмүүс гудамжинд сүлжилдэнэ. Удалгүй нар улам хүчтэй ээж, цас хайлан газар дэлхий ногоорлоо. Тоглоомондоо улайрах багачуудын дуу цангинаж, шувууд жиргэхэд яаран алхах олны явдал удааширч хаврын улирал налайна.”

Алиа эр энэ бүхнийг тоочин ярих бүр дүр зураг нь эмнэлгийн бяцхан өрөөнд амилж хүн бүрийн сэтгал гэгэлзэнэ.

Гэтэл энэ сайхан бүхнийг өөрийн нүдээр харах гэсэн их хүсэл өрөөн дундах өвчтөнийг шаналнах болж зөвхөн цонхон талын байр суларсан цагт л тэр хүсэл нь биелэнэ гэж бодсоор байв. Ийнхүү атаархалын харцаар хажуу тийш ширтэн арга зам хайж эхэллээ. Аятайхан боломжийг хүлээж байсан түүийг удаан удаан хүлээлгэхгүй гэх шиг нэг шөнө цонхон талын эрийн хууч хөдөлж бие нь муудав. Асрагч сахиул байхгүй тул тэрээр шүүгээн дээрх эмийг өөрөө авч уудаг байсан бөгөөд энэ удаа ч мөн адил гараа явуултал хором тоолон хүлээж байсан атгаг санаатны гарт эм нь аль хэдийнээ орсон байлаа. Шалан дээр шилний хэлтэрхий тарж, бөнжигнөн тогтсон эмийн дуслууд нулимсан хэлхээ шиг цуварчээ. Өвчтөний яаран ёолох дуу тасарч, өрөөнд нам гүм ноёлоход хөдөлгөөнгүй хөшсөн цонхигор царайн дээр үүрийн гэгээ туслаа.

Нас барсан өвчтөнийг гаргахаар асрагч ирж, үлдэгсдийн байрыг сольж, хоёр шинэ өвчтөн оруулав. Хүсэл нь биелсэнд баярласан хар санаат эрийн яарсан сэтгэл тэсгэлгүй догдолж цэнгэлийн сайхныг горьдон цонхны зүг эргэхэд хориод алхмын тэртээ тоосго давхарлан барьсан тас хар хананаас өөр юу ч түүнд үзэгдсэнгүй.

Сургамжит өгүүллэгүүд 1

 

Хадаас

Батдорж 20 нас хүрчээ.Тэрээр аль хэдийнээ юм бүхнийг ухаарах насандаа хүрсэн хэдий ч үргэлж бусдыг гомдоож, аль л болж бүтэхгүй зүйлсийг хийж явдаг байлаа.Тэгтэл нэг өдөр түүнд аав нь:

-Чи хэн нэгнийг гомдоох, ямар нэгэн буруу зүйл хийх бүртээ энэ хананд хадаас хадаж бай” гэжээ.Өдөр хоног өнгөрөх бүрийд түүний хадах хадаас цөөрсөөр нэг л өдөр нэг ч хадаас хадсангүй.Тэгээд Батдорж аавдаа: “За та харав уу? Би өнөөдөр нэг ч хадаас хадсангүй.Би сайн хүн болсон байгаа биздээ” гэхэд аав нь:

-За чи тэгвэл үүнээс хойш бусдыг баярлуулж, сайн үйл хийх бүртээ хадсан хадааснаасаа сугалж аваарай гэлээ.

Тэгээд өдөр хоног өнгөрөх бүр ханан дахь хадаасууд цөөрсөөр нэг л мэдэхэд нэг ч хадаас хананд үлдсэнгүй.Үүнийг хараад Батдорж аавдаа “Та хар даа. Хананд нэг ч хадаас үлдсэнгүй.Би сайн үйлстэн болсон байгаа биз” гэв.Эцэг нь “Тиймээ, хананд нэг ч хадаас үлдсэнгүй.Гэхдээ хадаасны нүх үлдсэн байна” гэж хэлсэн гэдэг.

Энэ түүхийн гол утга санаа нь “ Чи муу үйл хийж байгаад түүнийгээ засч сайн хүн болсон ч хүний зүрх сэтгэлд хийсэн муу бүхэн чинь шарх болон үлддэг юм шүү” гэдгийг сургажээ.

Харамч

Настай өвөө залуугийн халаас руу бутархай мөнгө хийх зуураа:

-Бурхан намайг шинээр төрсөн юм шиг л баярлууллаа. Энэ өчүүхэн сэтгэлийн бэлгийг минь авбал бүр ч их баярлах болно гэв.

Залуу шан харамж авна гэдгээ, сайн үйл хийснээ өмнө ч мэдэж байлаа.Замын хажууд уйлан суух дөрөв таван настай хүүхэд төөрснийг мэдэж гэрийнх нь хаягийг асууж гэрт нь хүргэж өгчээ.Гэвч залуу хайсан гэрээ олоод замын турш төсөөлж байсан гаднаа усан сантай том харшийн оронд нэг муу модон байшин байсанд урам нь хугарав.Дээр нь бас хаалгыг нь хүүгийн өвөө тайлж, хүүг нэг сайн тэвэрч үнссэний дараа, залууд баярласнаа илэрхийлж халаас руу нь хэдэн зоос хийсэн нь тэр байжээ.Залуу, ярилцаж байхдаа хүүгийн эцэг эх авто машины ослоор хальсныг мэдлээ.Өвгөний өгсөн гурав дөрөвхөн бутархай мөнгө халаасных нь нэг буланг ч дүүргэхгүйд залуу, ядаж ийшээ ирсэн таксины мөнгийг өгсөн бол ч хэмээн бодно.Гэрийн байдлыг харахад, тэд үнэхээр ядуу ажээ.Залуугийн мөнгөтэй болох мөрөөдөл замхарч, дотор нь бачимдана.Түүний ойлгосноор хүүгийнхээ төлөө овоо хэдэн юм өгчихөж чадахгүй харамч хөгшинтэй удаан ярилцах ч сонирхол байсангүй.Тэгээд тэр хөгшинд нэгэн сургамж өгөхөөр шийдэж: настай өвгөний нүд рүү нэг хараад халаасандаа байсан өнөөх хэдэн зоосыг хүүгийн хөлний өмнө шидэж:

-Миний дүү энүүгээр дуртай тоглоомоо аваарай, бас өглөгч хүн ямар байдгийг харж ав, гэв.

Жаалхүү бөхийж мөнгийг цуглуулж гаран дээрээ авахад, залуугийн нүд уначих шахлаа.Хүүгийн гарт гурав дөрвөн алтан зоос гялалзаж байв.

 

Цаг бол алт

Өглөө бүр таны дансанд 86400 америк доллар оруулах банк байна гээд та төсөөл дөө.Тэр мөнгөнөөс та хүссэн хэмжээгээрээ авч хэрэглэж болно.Гагцхүү тэр өдөр л өнгөрвөл үлдэгдлийн хэмжээ ямар ч байсан хамаагүй дансны тань тооцоо хүчингүй болно.

Энэ тохиолдолд та юу хийх вэ?

Эцсийн ганц центийг ч үлдээлгүй авч хэрэглэх байсан байж ч магад.Хэдий бид үүнийг сэтгэлдээ төсөөлж, зөвхөн мөрөөдөж байгаа боловч бодит амьдрал дээр хүн бүхэнд ийм банк бий.Энэ бол ЦАГ ХУГАЦАА.

Тиймээ, цаг хугацаа гэгч энэ банк өөрийн гэсэн хууль дүрэмтэй таны хөрөнгө.Харин ганц ялгаа нь доллар, центийн оронд хором мөчүүдийг дансанд тань оруулдаг.

Хэрэв та тухайн өдрийнхөө хормыг үр ашигтай хэрэглэж чадалгүй үлдээвэл тэр бүхэн хог болон хаягдах бөгөөд өөр хэн ч биш та л хохирч үлдэнэ.Дараа өдрийнхөөсөө урьдчилгаа авна гэсэн ойлголт байхгүй.Тэгэхлээр таны гарт зөвхөн өнөөдөр л байгаа.Өнөөдөр дуусч, маргааш болоход өчигдрийн бүх юм арилж, танд шинэ данс нээгдэнэ.

Гар дахь хөрөнгөө хамгийн үр ашигтай, зөв зарцуулж чадвал тэр бүхэн танд эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн амьдрал болон үлдэнэ.

Цаг хугацаа харван одоход үнэлж баршгүй их баялаг урсана.

Нэг ЖИЛИЙН үнэ цэнийг та нөгөөх л ангидаа улирч хоцорсон сурагчаас асуу.

Нэг САРЫН үнэ цэнийг та нялх үрээ тээж төрүүлсэн эхээс асуу.

Нэг ДОЛОО хоногийн үнэ цэнийг та тэр хугацаанд сэтгүүл гаргагч эрхлэгчээс асуу.

Нэг ХОНОГИЙН үнэ цэнийг та тэртээд алслах галт тэрэгнээс хоцорч үлдсэн аялагчаас асуу.

Нэг ХОРМЫН үнэ цэнийг та автын осолд ороод шаналж хэвтээ өвчтөнөөс асуу.

Нэг МӨЧИЙН үнэ цэнийг та алтан медаль энгэртээ зүүсэн аваргаас асуу.

Эцэст нь та энэ бүхнийг өөрөөсөө асуугаад үзээрэй.Тэгвэл цаг, мөч, хором бүрийн үнэ цэнэ мэдрэгдэх болно.Өчигдөр бидний хувьд өнгөрөн одож, маргааш оньсого таавар болон хүлээж байгаа.Өнөөдөр бол бидэнд оногдсон шагнал юм.

Эрвээхэй ба хүүхэлдэй

Хүүхэлдэйн нэг үзүүрт бяцхан нүх гарч эрвээхэй дотроос нь гарах гэж хичээж байлаа. Хөөрхий эрвээхэй бяцхан нүхээр гарахыг хичээн шаргуу оролдож байгааг нэг хүн хэдэн цаг ажиглан харж суужээ.
Эрвээхэй ядарсан бололтой хэсэг намжив.
Зүтгэсээр байгаад ядраад за одоо ингээд больё гэж байгаа юм шиг санагдахад нөгөө хүн эрвээхэйд туслахаар шийдэв. Тэгээд нөгөө хүүхэлдэйг нь хайчлаад томоос том нүх гаргажээ. Эрвээхэй ч гараад ирэв. Нөгөө хүн эрвээхэйг ажигласаар байлаа. Учир нь далавч тэнийж биеэ дааж нисэх хэрэгтэй байсан юм.
Гэвч бодсон шиг нь болсонгүй ээ… Эрвээхэйн далавч хэзээ ч тэнийсэнгүй, нисч чаддаггүй хэвээр үлджээ.
Тэр хүний буруу байж. Эрвээхэй хүүхэлдэйнээсээ гарахын тулд тэр давааг зайлшгүй давах ёстой байсан юм. Учир нь тэр жижиг нүхээр багтаж гарах үед биеэс нь ялгарах шингэн далавчийг нь тэтгэж, нисэх хүчийг өгдөг юм байна.
Бидний амьдралд тохиолддог зарим хүндрэл бэрхшээлүүд хэцүү зовлон мэт санагдаж байгаа ч даван туулсаар илүү сайн юманд хүрдэг. Хэрэв бих юм ямар ч хүндрэлгүйгээр бүтдэг байсан бол амьдрал гээч нь утгагүй болохоос гадна бид маш сул дорой болох байсан юм.

Хэзээ ч нисч чадахгүй гэсэн үг

Бурханаас хүч хүслээ
Хүчтэй болохын тулд хүндрэл хайрласан юм.
Мэргэн ухаан хүслээ
Шийдвэрлүүлэх гэж асуудал өгсөн юм.
Баялаг хүслээ
Ажил хий гэж оюун ухаан, хүч чадал өгсөн юм.
Эр зориг хүслээ
Даван туул гэж аюулыг өгсөн юм.
Хайр хүслээ
Тусалж бай гэж зовж буй хүмүүсийг өгсөн юм.
Сайн үйлс хүслээ
Надад боломжуудыг өгсөн юм.
Хүссэн бүх зүйлээ авч чадаагүй ч
Хэрэгцээтэй бүх зүйлээ авч чадсан юм би.

 

Ус Цэцэг Хоёр

Нэг өдөр ус цэцэг хоёр тааралдаж найзууд болжээ. Эхний үед сайхан найзууд шиг үерхэж байлаа. Мэдээж бие биеэ танихын тулд цаг хугацаа хэрэгтэй байлаа.
Цаг хугацаа улиран өнгөрсөөр, цэцэг маш их аз жаргалтай болжээ. Аз жаргалдаа умбасан тэрээр усанд хайртай болсноо ойлгожээ. Анхны хайртайгаа учирсан цэцэг тансаг сайхан үнэрээ тал бүр лүү цацан “Энэ сайхан үнэрийг зөвхөн ус чамдаа л зориулъя” гэж байв. Хэсэг хугацааны дараа ус ч гэсэн цэцгэнд хайртай болсноо ойлгожээ. Цэцгэнд өгсөн хайр нь ч гэсэн анхных байлаа. Өдөр хоног ээлжлэн өнгөрсөөр цэцэг, “Ус надад хайртай болов уу?” гэж бодож эхлэв. Яагаад гэвэл ус цэцгийг нэг их анхааран халамжилдаггүй байв. Гэтэл цэцэг иймэрхүү байдалд огтхон ч дасаагүй байлаа.
Цэцэг усанд,
-Би чамд хайртай гэхэд ус,
-Би ч чамд хайртай гэв.
Цаг хугацаа өнгөрсөөр л… Цэцэг ахиад л,
-Би чамд хайртай гэв. Ус,
-Би ч бас гэлээ.
Цэцэг тэвчээртэй хүлээсээр л байлаа. Гэвч цэцэгний сайхан үнэр алга болсоор өөрт байсан эцсийн сайхан үнэрээ усанд зориулж хайртай гэдгээ дахин хэлэв. Ус,
-Би чамд хайртай гэдгээ хэлсэн л биз дээ гэв.
Цэцэг улам л гундсаар хэвтэрт оржээ. Хөөрхий цэцэг хүндээс өвдсөн байлаа. Өнгө нь гундаж, үзүүр нь шарлаж эхлэв.
Ус хайртынхаа толгойг нь түшин хажууд нь суудаг байлаа. Цэцэг үхэж байлаа. Гэвч тэр эцсийн удаа хамаг хүчээ шавхан толгойгоо өндийлгөн усанд,
-Би чамд үнэн сэтгэлээсээ хайртай гэв. Энэ байдалд сэтгэл нь шаналсан ус эцсийн арга болох эмч дуудав. Эмч цэцгийг үзээд,
-Биеийн байдал найдваргүй. Түүний төлөө одоо юу ч хийж чадахаасаа өнгөрсөн гэв.
Ус эмчээс хайртыгаа ямар өвчнөөр өвдсөнг нь асуув.
Эмч ус уруу их л нухацтай харснаа,
-Түүнд ямар ч өвчин байхгүй. Түүнийг огтхон ч услаагүй байна гэв.

 Ус “Зөвхөн БИ ЧАМД ХАЙРТАЙ  гэдэг үгээр хайраа илэрхийлж болохгүйг” ойлгожээ.

Болзоо

Үнэнчээр итгэх итгэл л хайрын цорын ганц болзоо ажээ Генерал Грантын төмөр замын төвбуудлын орой дээр байрлуулсан том дугираг цагийн зүү зургаан цагт зургаан минут дутуу болохыг зааж байлаа. Өндөр нуруутай, наранд түлэгдэж борлосон хүрэн царайтай армийн залуу дэслэгч галт тэрэгнээс дөнгөж буугаад цаг яг хэд болж байгааг харахаар мөнөөх цаг уруу харав.

Дэслэгч Брандфорд зугаахан минутын дараа урьд өмнө нь хэзээ ч зүс царайг нь хараагүй эмэгтэйтэй уулзах болзоотой юм. Түүнд дайны үеэр сэтгэл түгшин айж байгаа тухайгаа захидал бичиж байснаа гэнэт эргэн санажээ. Мөн байлдааны хамгийн аймшигтай мөчийг дурсан бодлоо. Сөнөсөн нисэх онгоцноосоо шүхрээр буухад дайсны цэргүүд бах нь ханасан байдалтай малийтал инээгээд өмнө нь зогсож байхыг хэзээ ч мартаж чаддаггүй билээ. Тэрхүү тулалдаан эхлэхээс хэдхэн хоногийн өмнө өнөө эмэгтэйгээс авсан захианд “Мэдээж, чи айж байгаа. Зориг зүрхтэй бүх л хүн айдаг. Хуучин гэрээний алдарт Давид хаан айж эмээхийг мэддэггүй байсан гэж үү? Тэрбээр айсандаа л Библийн хамгийн нэртэй 23-р Дууллыг бичсэн шүү дээ. Ширүүн тулалдаан дунд чамд өөрөө өөртөө итгэхээ болих цаг ирж магадгүй. Үхлийн сүүдэр дунд алхаж явахдаа Бурханы гайхамшигтай ивээл чамтай хамт байна гэдгийг ойлговол чи чөтгөрөөс ч үл айх болно.” хэмээн бичсэн байлаа. Урам хайрласан ийм сайхан захидал бичсэн эмэгтэйн дуу хоолойг Брандцорд төсөөлж үзлээ. Дөрөвхөн минутын дараа түүний ярихыг яг бодитоор нь сонсоно гэхээс зүрх нь өөрийн эрхгүй хүчтэй цохилно. Хажуугааар нь шүргэх шахан өнгөрөх нэгэн эмэгтэйг хараад дэслэгч Брандфорд эргэлзэв. Энгэрт нь улаан өнгийн цэцэг зүүлттэй харагдав. Гэхдээ тэр нь ярьж тохирсон бяцхан улаан сарнай бус, гүн улаан өнгийн алтан зул гэгч өөр цэцэг байлаа. Бас тэгээд дэндүү залуу, хорь орчим настай байжээ. Холлис Мэйнил өөрийгөө гучин настай гэдгээ нуулгүй хэлсэн. “Би гучин хоёртой, бид хоёрхон насны зөрүүтэй” гэж бодоход Брандфордод нэг л сайхан санагдана. Флоридын цэргийн сургуулийн номын санд байсан “Хүмүүн боол” гэсэн ном түүний анхаарлыг ихэд татсан юм. Хүний дотоод зүрх сэтгэлийг эмэгтэй хүн тийм нинжин сэтгэлээр ойлгож чадна гэдэгт Брандфорд огтхон ч итгэдэггүй байлаа. Гэтэл тэрхүү номын хавтсан дээр Холлис Мэйнил гэсэн эмэгтэй зохиолчийн нэр байв. Брандфорд Нью-Иорк хотын телефон утасны жагсаалтаас түүний хаягийг олж авснаар тэд захидлаар харилцдаг болжээ. Тэд арван гурван сарын туршид бие биедээ тасралтгүй захидал бичжээ. Ямар ч хүнд хэцүү сэдэв хөндөж бичсэн байхад Мэйнил түүнд үнэнчээр хариу өгдөг байлаа. Ийнхүү Брандфорд түүнд итгэж, түүнийг хайрлах сэтгэлтэй болжээ. Гэвч Мэйнил Брандфордын хүссэнээр зургаа явуулахаас татгалзсан байна. Энэ нь төдийлөн сайхан санагдаагүй нь мэдээж хэрэг. Гэхдээ Мэйнил “Чи намайг ойлгож надад үнэнч сэтгэлээр хандаж байгаа л бол миний ямар харагдах нь огтхон ч хамаагүй. Намайг гоо үзэсгэлэнтэй бүсгүй гэж битгий бод. Эс тэгвэл чи миний гаднах төрхөнд татагдаж мөрөөдөх болно. Тийм өнгөц хайр надад ердөө ч хэрэггүй агаад миний сэтгэлд эгдүүцэл төрүүлнэ. Намайг жирийн нэг эмэгтэй гэж бод. Ер нь ч би жирийн л нэг эмэгтэй. Зургаа явуулаач гэж надаас дахин бүү хүсээрэй. Чи Нью-Иоркод ирэхдээ надтай уулзана. Тэгээд яахаа шийдээрэй. Бид цаашид хамт байх уу, эсвэл болих уу? Алиныг нь ч сонгож авсан бид чөлөөтэй гэдгийг ойлгоорой” хэмээн юуны тулд зургаа явуулахаас татгалзсан байгаагаа тайлбарласан юм. Зургаан цагт нэг минут үлдлээ. Гэнэт Брандфордын зүрх сэтгэл нь түүний онгоц ч хүрээгүй тийм өндөрт байгаа мэт догдолж эхэллээ. Гоо үзэсгэлэнт нэгэн эмэгтэй түүний өмнөөс чиглэн алхана. Өндөр нуруутай, бас тэгээд гуалиг нарийхан. Цайвар шаргал үс нь чихнийхээ араар мушгиралдан унжина. Тормолзсон алаг нүдтэй. Уруул нь булбарай болоод эелдэгхэн. Цайвар ногоон өмсгөл нь эгээ л хаврын навч адил. Дэслэгч түүний сарнай цэцэг зүүсэн эсэхийг нь үл анзааран өмнөөс нь угтан алхав. Брандфордыг дөхөж ойртмогц сээтэн хаясан бяцхан инээмсэглэл уруулд нь тодорч, бүсгүй “Цэрэг гуай, намайг дагаад явахгүй юу? Уулзах хүн тань энд байна.”гэж шивнэх аядан хэлэв. Тэгээд Брандфорд Холлис Мэйнилийг олж харлаа. Гуч нилээд гарсан, намхан нуруутай нэгэн эмэгтэй залуу бүсгүйн ард зогсож байлаа. Тэрбээр нилээд махлаг бүдүүн хөлөндөө намхан өсгийтэй шаахай угласан харагдана. Бас тэгээд хүрэн бор өнгөтэй хүрэмнийхээ үрчийж үнгэгдсэн заханд улаан сарнай цэцэг зүүсэн байлаа. Ногоон хувцастай өнөөх залуу эмэгтэй тэр дорхноо алга болсон байлаа. Брандфордын зүрх сэтгэл хоёр хэсэгт хуваагдсан мэт санагдаж байлаа. Энд зогсож буй хижээл насны эмэгтэйн байдал түүнийг гүнээ эзэмдэж, түүнтэй уулзаж учирах ёстой байсан хэдий ч залуухан эмэгтэйн араас ухаан жолоогүй дагаад алхчихмаар санагдав. Өмнө зогсож байгаа эмэгтэйн махлагдуу тунгалаг царай нь эелдэг дөлгөөхөн болохыг нь тэр дөнгөж сая л олж харлаа. Сайхан хар нүд нь сэтгэлд дулаахан инээмсэглэнэ. Энэ бол Холлис Мэйнил мөн гэдэгт дэслэгч Брандфорд огтхон ч эргэлзсэнгүй. Тэрээр өөрийн таних тэмдэг болсон цэнхэр хавтастай “Хүмүүн боол” номыг гартаа атган зогсоно. “Хайр дурлал байх албагүй шүү дээ. Энэ бол хайр дурлалааас ч илүү үнэ цэнэтэй байж чадах үерхэл нөхөрлөл юм” гэж дотроо гэнэт бодсоноо Брандфорд өргөн мөрөө хавчиж түүнтэй мэндэлж, урам хугарсан, сэтгэл балмагдсан хэдий ч гартаа атгасан мөнөөх номоо түүнд өглөө. – Би дэслэгч Жон Брандфорд байна. Харин та .. Та хатагтай Мэйнил мөн үү? Надтай уулзахаар ирсэнд тань баярлалаа. Үдийн хоол хамт идэж болохсон болов уу? хэмээн асуухад эмэгтэйн царайд ичингүйрсэн инээмсэглэл тодорч: – Энэ чинь юу гэсэн үг вэ? Хүү минь, би огтхон ч ойлгохгүй байна. Дөнгөж сая хажуугаар минь өнгөрсөн ногоон хувцастай залуухан эмэгтэй энэ сарнай цэцгийг хувцсан дээр чинь зүүж өгөх үү гэж надаас гуйсан юм. Тэгээд чамайг надтай хамт гадуур явъя гэж хүсвэл, замын хажууханд байгаа тэр зоогийн газарт хүлээж байгааг дамжуулаарай гэсэн. Энэ нь нэг ёсондоо чамайг туршиж байгаа юм уу даа. Харин би хоёр хүүгээ галт тэрэгнээс буухыг хүлээж байгаа юм гэж саахь эмэгтэй тайлбарлав. Үнэнчээр итгэх итгэл л хайрын цорын ганц болзоо ажээ.

 

Сайхан Сэтгэлийн Хариу

Та бусдад хэр тусалдаг вэ?
Таны бусдад туслах гэсэн сайхан сэтгэлийн хариу нэгэн өдөр заавал ирэх болно.
Бид танд “Сайхан Сэтгэлийн хариу” хэмээх нэгэн богино өгүүллэгийг хүргэж байна.
Ядуу амьдралтай нэгэн залуу эхнэртээ 10000 төгрөг өгчээ. “Сүүлийн үед чи минь жаахан ядруу харагдаад байна. Маргааш ганцаараа хоол аваад идчих.”
Харин эхнэр нь ганцаараа хоолонд орж зүрхэлсэнгүй. Хормогчныхоо халааснаас нөгөө мөнгөө гарган, гадагш гарах гэж байгаа хадам аавдаа өгчээ.
“Аав аа, танд байнга мөнгө өгч чадахгүй байгааг минь уучлаарай. Бага мөнгө ч гэсэн та найзтайгаа хамт өдрийн хоолонд ороорой.”
Хадам аав нь ихэд баярласан ч өнөө маргаашаа яая гэж байгаа хэцүү амьдралтай бэрээ өрөвдөөд , нөгөө мөнгийг хэрэглэлгүй хадгалж, найзууддаа бэрээ баахан магтжээ.
Хэдэн өдрийн дараа цагаас сар болж, ач охин нь өвөөтэйгөө золгов. Өвөө хэдэн хоногийн өмнө өгсөн бэрийнхээ мөнгийг ачдаа бэлэглэсэн байна. Охин тэр бэлгээ ээждээ өгч “Ээж ээ, та энэ мөнгийг сайн хадгалж байгаад, намайг сургуульд ороход гоё цүнх авч өгөөрэй.” гэжээ.
10000 мянгыг авсан эмэгтэйд нөхөр нь санагдлаа. Хэлэхгүй байгаа ч сүүлийн үед нэг л ядрангуй байсан нь санагдаж, нөхрийнхөө костюмны халаасанд охиныхоо хадгалуулсан мөнгийг “Миний хань, энэ мөнгөөр амттай хоол авч идээрэй.” гэсэн бяцхан зурвасны хамт хийжээ.

Бусдын төлөө гэсэн таны сайхан сэтгэлийн хариу хэзээ нэгэн өдөр заавал эргэн ирэх болно.

                                                                                                                   Сэтгэгдэл үлдээх.......

                                       1 , 2-р хэсэг.. 3 .. 4 .... 6 .. 7 .. 8