Azimut

Геодезийн төлөө зүтгэе!!!!

Сургамжит өгүүллэгүүд 6-р хэсэг

Нэг аяга сүү

Хорвард сургуулиасаа ирээд л ямар нэг юм худалдаж өл залгахаар явдаг байлаа. Мэдээж түүний зарах юм хүмүүст тийм ч хэрэгтэй биш болохоор тэр бүр амжилттай биш. Өнөөдөр тийм азгүй өдөр ажээ. Өлсөж ядарсан хүү аргаа барж айлаас идэх юм гуйхаар шийдэж нэг хаалга тогшвол үе тэнгийн хөөрхөн охин хаалга тайлав. Ичиж зовсон Хорвард идэх юмны оронд ус гуйлаа. Харин охин бүхнийг ойлгож байсан тул аяга сүү авчирч өглөө.

Хүү сүүг удаан уугаад хармаандаа байгаа юунд ч хүрэхгүй 10 центээ тэмтрэн хэдийг төлөх вэ? гэхэд охин “Хэрэггүй ээ. Ээж минь хийсэн сайн үйлийнхээ төлөө мөнгө авахгүй байх ёстой” гэж сургасан юм гэжээ. Хорвард чин сэтгэлээсээ талархал илэрхийлээд явлаа.Он жилүүд урсан өнгөрч Хорвард бага сургууль, лицей, их сургуулиа төгсчээ. Цаг хугацаа урссаар л. Алдартай Жонс Хипконсын их сургуулийн доктор Хорвард Келлигийн удирддаг эмнэлэгт нэгэн хүнд өвчтөн иржээ. Бусад эмнэлэг эмч нар эмчлэх байтугай оношилж чадаагүй аж.

Доктор Хорвард өвчтөний тухай танилцахад бага нас нь өнгөрсөн танил тосгон … бас мартаагүй нэр … Өвчтөний өрөөнд үзлэг хийхээр орвол яг мөн. Олон жилийн өмнө өөрт нь усны оронд сүү өгсөн тэр сайхан сэтгэлтэй охин мөн байлаа. Харин өвчинд шаналсан эмэгтэй Хорвардыг хэрхэн таних билээ? Доктор Хорвард түүний төлөө бүхнийг хийжээ. Эцэст нь бүсгүйн амь нас аврагджээ.

Эмчилгээ дуусч эмнэлгээс гарах өдөр тэр эмэгтэйн эмчилгээ хагалгаа үйлчилгээний зардал 10 000$ болсныг батлуулахаар докторт авч очвол Хорвард төлбөрийн хуудсан дээр ямар нэг юм бичээд эмэгтэйд аваачиж өгөхийг хүсэв. Ийм их эмчилгээ, асар их төлбөртэйг мэдэх эмэгтэй айж санаа зовсоор дугтуйг задалвал

Олон жилийн өмнө “Нэг аяга сүүгээр төлсөн.” Доктор Хорвард гэсэн гарын үсэг байжээ.

Эцэг


Түүнийг гэртээ ядарч сульдаад ирэхэд 5 настай хүү нь хаалган дээрээ зогсоод хүлээж байлаа. Хүү нь түүнээс “Ааваа та нэг цагт хэр их мөнгө олдог вэ?” гэж асуужээ. Тэрээр энэ чамд хамаагүй гэж уцаарлан хэллээ. Гэхдээ ааваа хүү нь мэдмээр байна гэж хүү нь шалав. “За яахав 20$ олдог” хэмээн хариуллаа. Гэтэл хүү нь “та тэгвэл надад 10$ өгөөч” гэх тэр. Аав нь учиргүй уурлаж “Чиний хэрэгтэй хэрэггүй тоглоом янз бүрийн юманд чинь зарцуулах илүү мөнгө алга. Өрөөндөө ороод хаалгаа хаа гэжээ.
Хүү чимээгүйхэн ороод хаалгаа хаав. Аав ч уйртайгаар “Энэ хүүхэд яаж зоригтой асууж байнаа?” гэж боджээ. Нэг цагийн дараа тэрээр хүүдээ уурлаад мөнгөөр яах гэж байсаныг нь асуугаагүйгээ саналаа. Магадгүй үнэхээр чухал байсан ч юм билүү. Хүүгийнхээ өрөөнд ороод, орондоо хэвтэж байгаа хүүгээсээ “Унтаж байгаа юм уу?” гэж асуулаа. Хүү нь “үгүй” гэж хариулахад “Май энэ 10$-г ав. Түрүүн муухай аашилсныг минь уучлаарай өндөөдөр их хүнд өдөр байлаа.” Гэжээ. Хүү нь баяртайгаар үсрэн босоод “Баярлалаа ааваа” гээд орон дотроосоо бутархай мөнгө хадгалдаг хайрцагаа гарган, аавыгаа царайчлан хараад мөнгөө удаан гэгч нь тоолов. Аав нь мөн л уурлаж “Чамд мөнгө байсаар байтал яагаад надаас мөнгө авч байгаа юм бэ?” Чиний тоглоомонд оролцох зав надад байхгүй гэж хэлэхэд хүү нь “Ааваа би тантай нэг цаг баймаар байна. Энэ 20$-оор таны нэг цагийг авч болох уу?” гэжээ.

 

Сэтгэл нэг бол


Түүнд илүү ч үгүй дутуу ч үгүй яг л нэг доллар наян долоон ццент байв. Делла мөнгөө гурван ч удаа тоолов. Гэвч яг л нэг доллар наян долоон цент байв. Гэтэл шинэ жил гарахад ердөө л ганц хоног үлджээ. Делла 7 хоногт 8 долларын хөлстэй, тавилгатай өмгөр өрөөнд амьдардаг байжээ. Тэр байр нь тийм гэхийн тэмдэггүй ядуу ажээ. Нулимсаа арчиж дууссаны дараа Делла нүүрэндээ бага зэрэг энгэсэг түрхээд цонхоороо арын талбайн хашаан дээгүүр явж байгаа муурыг дэмий л гөлрөн зогсов.
Маргааш нь шинэ жил болох гэж байхад хайртай нөхөртөө бэлэг авах ердөө л нэг доллар наян долоон цент л байлаа. Уул нь энэ мөнгөө хэдэн сарын өмнөөс л юм юмнаас илүүчлэн цуглуулжээ. Гэвч энэ нь ямарч бэлэг авахад хүрхээргүй байв. Хайрт Жимдээ авч өгөх бэлгийнхээ талаар бодон баярлах үе ч цөөнгүй байлаа. Делла цонхноос холдон толины өмнө очив. Түүний баярласандаа болоод гялалзаж байсан нүд нь 20секүүндийн дараа ор мөргүй алга болов. Овоолон шуусан үсээ задлахад мөрөн дээгүүр нь урсан орж ирэв. Тэр хоёрт бахархан хайрладаг 2 зүйл байдаг байлаа. Нэг нь Жимийн өвөг дээдсээс үлдсэн алтан цаг, нөгөө нь Деллагийн нурууг даган урсах урт үс байлаа. Деллагийн алтан шаргал үс нь мяралзан урсах гол адил тахимаа хүртэл урсаж, ар нурууг хучив. Агшин зуур тээнэглзэх мэт зогсов. Шалан дээр дэвссэн халцархай улаан хивсэн дээр хэдэн дусал нулимас унав. Нулимсаа хатаж амжаагүй байхад Делла ухасхийн гадагш гарав. “ММ.Софроний Бүх төрлийн үс худалдаж авна” гэсэн гарчигтай хаалганы өмнө зогсов. Шууд л дотогшоо ороод “Үсийг минь худалдаж авахгүй биз?” гэж асуув. Эзэн авхай үсийг нь нийлээн барьж, харж үзснээ “20 доллар” гэв. Делла ч “За тэгвэл хурдал” гэв. Делла өөрийн хайсан бэлгээ олох гэж нэлээд юм болов. Арай гэж хайсан зүйлээ олов. Цагны алтан гинж. Үнэхээр Жимийн тэр цаганд нь тохирсон сайхан гинж байлаа. Гэртээ очоод толины өмнө зогсов. Бэлэг нь Жимд таалагдах болтугай гэж залбирав.
Тэгж байтал хаалга онгойн Жим орж ирэв. Хайр дүүрэн нүдээр Делла руу харангаа бэлгээ өгөв. Хайрцгийг онгойлгон харахад урт үстэй байхдаа авах юмсан гэж үргэлж мөрөөддөг байсан хос даруулга байлаа. Гэвч энэ одоо хэрэггүй болсон байв. Нүдээр нь дүүрсэн нулимс, сувдан хэлхээ адил асгарав. Гэвч түргэн зуур арчин өөрийн бэлгээ сунгав. Жим бэлгээ нээгээд цагны алтан гинжийг харав. Гэвч одоо түүнд энэ алтан гинжийг зүүх цаг нь байхгүй болжээ. Учир нь Деллагийн мөрөөдлийн хос даруулгыг авахын тулд заржээ. Сэтгэлээр унасангүй… яагаад гэвэл тэр хоёрын дунд худалдаж ч, худалдан авч ч болшгүй агуу их, ариун гэгээн хайр сэтгэл байлаа…

 

Уучлах гэдэг ухааных


Дунд сургуулийн багш сурагчдадаа нэгэн туршилтанд оролцохыг хүсч байгаа эсэхийг нь асуулаа. Мэдээж энэ нь амьдралын гэсэн тодотголтой байсан нь хүүхдүүдийн сонирхлыг ихэд татсан учраас тэд ч дуртай нь аргагүй зөвшөөрөв. Тэгвэл багш хүүхэд бүрийг маргааш нь 5кг төмс, 1 гялгар уут авчрахыг даалгавар болгоход хүүхдүүд чухам яах гээд байгааг нь огт ойлгосонгүй ч маргааш нь хүүхэд тус бүрийн ширээн дээр төмс болон гялгар уутнууд бэлэн болсон байв.
Багш ангируу ороод өөр рүү нь асуусан нүдээр харах сурагчиддаа “За одоо та нар өнөөдрийг хүртэл үзэн ядаж явдаг хүмүүсийнхээ нэрийг нэг нэг төмсөн дээр бичээд тор руугаа хий” гэж хэлэв. Ийн хэлээд удаа ч үгүй байтал зарим хүүхдийн торонд хэдхэн төмс орсон байхад заримынх нь бүр дүүрэн болсон харагдана. Ингээд бүх хүүхдүүд торонд төмсөө хийж дууссаны дараа багш нь: “Одоо та нар наад төмстэй тороо хаа явсан газраа авч яв. Унтахдаа орныхоо хажууд тавь, автобусанд суухдаа, тэр ч байтгуай хичээлдээ ирэхдээ хүртэл авч ирээрэй” гэж хэлэв. Энэ өдрөөс хойш долоо хоног өнгөрөв. Ингээд тогтосон хугацаа болж багшийг ангид орж ирэв үү үгүй юу л “Багшаа ийм хүнд ачааг үргэлж барьж явах надад хэцүү байна, багшаа төмснүүд ялзарч эхэлсэн, би залхаж ядарч байна” гэх зэрэг үргэлжилсэн их гомдол тавьжээ. Гэтэл багш нь инээмсэглэн байж “Аливаа хүнийг уучлахгүй байх нь тэднийг бус өөрийгөө шийтгэж байдаг гэдгийг та нар ойлгосон гэж бодож байна. Ингэснээрээ бид өөртөө л хүнд ачаа үүрдэг. Ер нь эцэст нь хэлэхэд бусдыг уучлана гэдэг бол чиний өөрөө өөртөө хийж байгаа сайн зүйл юм ” гэж хэлжээ.

 

 

Ууртай эцэг эхэд тусгайлан зориулав

Бяцхан охин гэртээ баяр хөөрөөр дүүрэн, юунаас ч санаа зовж эмээсэн янзгүй дураараа, эрх чөлөөгөөр дүүрэн байлаа. Тэрээр хүүхдийн хөөрөл баясалтай, аз жаргалтай, ямар ч бодсон санасан юмгүй дураараа чанга чанга дуулж байв. Эрч хүчээр дүүрэн байсан болохоор буйдан дээр дуу дуулан үсэрсээр л байв. Гэвч энэ үед охины ээжийн сэтгэл санаа тийм ч таатай биш байгааг бяцхан охин хэрхэн мэдэх билээ.

Охины улам ихээр чангарч байгаа дууг нь сонсоод ээжийнх нь толгой улам ихээр өвдөж эхлэв. Эцэст нь ээж нь тэсэхээ болиод “Юундаа хэрээ шиг орилоод байгаа юм бэ! Муухай орилсоор байгаад бүр толгой өвтгөчихлөө. Амаа хамхиад томоотой суу!”

Тэр үед ээжийнх нь толгой үнэхээр их өвдөж байсан тул ямар ч дуу чимээг тэвчих чадалгүй байсан юм. Үнэндээ охины дуу муухай байсанд биш толгой нь өвдөж байснаас ингэж хэлсэн хэрэг. Гэвч охин ээжийнхээ хэлсэн үгэнд итгэсэн байлаа. Ингээд өөрийнхөө дуу хоолойг хүн сонсохын аргагүй туухай гэж бодсон учир дахиж хэзээ ч дуулахгүй байхаар шийджээ. Учир нь муухай дуугаараа хүмүүсийг унтууцуулахыг хүсээгүй юм.

Сургуульд ороод үг дуу цөөнтэй, үгийн баялаг муутай, нийгмийн идэвхи султай хүүхэд болжээ. Дууны хичээл дээрээ ч огт дуу дуулдаггүй, хүмүүстэй юм ярихдаа ч сайнгүй болж төлөвшжээ. Тэрээр хүмүүст сайн хүүхэд гэж харагдахыг “чимээгүй байх” гэж ойлгосон болохоор ийм хүн болон төлөвшсөн байлаа. Үүний шалтгаан нь хамгаас хайртай ээжийнх нь хэлсэн ганц өгүүлбэр юм.

Хэн нь баян бэ?

Нэг баян хүн хүүхдээ дагуулан хөдөө явжээ. Түүний зорилго нь хүмүүсийн ядуу тарчиг, хомс амьдралыг хүүдээ харуулах гэсэн юм байжээ. Тэгээд нэг үнэхээр ядуу айлд хонов. Хот руу эргээд явж байхдаа эцэг нь хүүгээсээ:

“За тэгээд замд явах таалагдав уу?” гэж асуухад хүү нь “Тийм ээ, маш их таалагдлаа.” гэж хариулжээ.

“Ядуу амьдрал гэж ямар байдгийг хараа биз дээ?”

“Тиймээ”

“Тэгвэл чи энэ бүхнээс ямар сургамж авав?”

“Манайх гэртээ ганц л нохойтой. Тэднийх 4 нохойтой. Манайх дөнгөж цэцэрлэгийн талыг эзэлсэн усан сантай бол тэднийх хэдэн зуун километр үргэлжилсэн гол горхитой. Манай цэцэрлэгт чийдэн байхад тэднийд од нь харагддаг. Манай гэрийн хамгийн том тагт урт цэцэрлэг хүртэл байхад тэднийх тэнгэрийн хаяа хүрдэг.”

Жаалхүүг ярьж байхад эцэг нь гайхсандаа ганц ч үг дуугарч чадсангүй.

Төгсгөлд нь хүү, “Ямар ядуу амьдарч байгааг минь харуулж өгсөнд баярлалаа ааваа!” гэв.

Цэцэрлэг

Нэгэн баян хүний хашаанд зэрэгцэн ургаж буй нимбэгний хоёр мод байжээ. 5-р сарын сүүлээр цэцэглэн анхилам сайхан үнэр нь тэр хавиар тархаж, хавар болж байгааг хүмүүст мэдэгддэг байв. Нэг мод нь нөгөөгөөсөө давжаа, хэлбэр галбиргүй гэнэ. Тиймээс том мод нь үргэлж дорд үзэн, бардамнадаг байлаа. Гэрийн эзэн нимбэгний жижиг модыг цаашид ургахгүй, удахгүй хатна гэж бодоод бага усалж, арчилж тордохоо болив. Нэгэн удаа цаст уулын оройд ургадаг цэцгийн үр салхиар дамжин хашаанд унажээ. Гэтэл хашааг бүхэлд нь цардаж зөвхөн нимбэгийн моддын орчим хөрс үлдсэн байлаа.

Цэцгийн үрүүд нимбэгийн моддоос доор нь ургах зөвшөөрөл гуйжээ. Том мод биеэ ихэд тоон ийн хэлсэн нь: “Ийм зүйл хэзээ ч байж болохгүй. Хэрэв та нар миний ойролцоо ургавал би хатах болно.” Гэвч үнэндээ том мод өөр зүйлээс болгоомжилжээ. Цэцэгс алаглан ургахад нимбэгийн модны цагаан шаргал цэцэг үзэмжгүй мэт харагдан, эзнийхээ анхаарлыг татахаа болих байв. Түүнд өөрөөс нь илүү сайхныг хүлээн зөвшөөрөх чанар байхгүй ажээ.

Харин жижиг модонд түүний хариулт таалагдсангүй. Учир нь бусдыг сонсож, боломжоороо туслах хэрэгтэй гэж бодож байлаа. Цэцгийн үрүүдийн хүсэлтийг сонсоод “Та нартай хамт байхдаа би баяртай байна. Бид уйдахгүй.” гэжээ. Том мод үүнд нь дургүйцсэн боловч жижиг мод “Сайхан зүйл хэнд ч хор болохгүй. Сайхан бүхнээс зөвхөн сайхан зүйл бий болдог.” хэмээв. Жижиг модны ёроолд ургасан цэцэгс хэдэн долоо хоногийн дараа цэцэглэж, хашааны хамгийн сайхан чимэг болжээ. Мод цэцэгст зориулан чадах бүхнээ хийж, хагас сүүдэртэй орчныг бий болгохын тулд хатсан навчсаа гөвж байв.

Цэцэгс анхилам сайхан үнэртэж эхэллээ. Гэрийн эзэн урьд нь үнэртэж байгаагүй үнэр хаанаас ирж буйг хайсаар яваад урилгагүй зочдыг олоод гайхав. Тэрээр зүүдэндээ ч үзээгүй цэцэгсийг улам сайхан ургуулахын тулд өглөө эртлэн босч, хамгийн чанартай бордоогоор бордон, байнга усалж арчилдаг болжээ. Нимбэгийн жижиг мод цэцэгстэй хамт тэжээгдэн маш хурдан ургажээ. Цэцэгст хайраар хандаж байсан мод орчныхоо хамгийн том мод болж, өдрөөс өдөрт бусдын хайрыг татах болжээ. Удалгүй цэцэглэн хашаандаа шинэ өнгө нэмэв. Гэтэл ганцаардан, жижгэрсэн нөгөө мод атаархсандаа хатаж эхэлжээ.

Алимны мод

Нэгэн хаан өөрийн шадар түшмэдийн хамт морьтой зугаалж байжээ. Тэгээд замдаа алимны мод тарьж буй өвгөнтэй таарчээ. Хаан өвгөнийг ёжломоор санагдаж:

Өвгөн гуай, та ийм настай хүн байж хэзээ энэ модныхоо жимсийг авна гэж суулгаж байгаа юм бэ?Алимны мод ургаж гүйцээд жимсээ өгөх үе хүртэл нь та хүлээж чадах юм уу? гэж ихэд шоолонгуй асуув.

Өвгөн хариуд нь:

Би өвөг эцгийнхээ тарьсан алимны модны жимсийг насаараа идсэн юмаа.

Тэд ч гэсэн тарьж байхдаа хүлээж байгаад иднэ гэж тариагүй байлгүй дээ. Одоо миний тарьж байгаа модны ургацыг би биш юмаа гэхэд миний үр, ач, гуч нар хураах юмаа гэлээ.

Энэ үг хаанд маш их таалагдсан тул өвгөнд хэтэвч дүүрэн алт өгчээ.

Өвгөн хариуд нь:

Хаантан та харж байна уу? Бусдын алимны мод олон жилийн дараа ургацаа өгч байхад миний алимны мод дөнгөж тарьж байхад л жимсээ өгч эхэллээ шүү дээ гэв.

Хаантанд өвгөний энэ үг бүр их таалагдсан тул дахин нэг хэтэвч алт өгөв. Өвгөн хариуд нь:

Хаантан минь ээ! Бусдын мод жилд нэг удаа ургац өгдөг бол миний мод ургаагүй байж хоёр ургац өглөө шүү дээ. Тэгэхээр хамгийн чухал нь хэзээ ургац авахдаа биш, хийж бүтээн, тарьж ургуулж байсан цагт заавал үр ашгийг нь харах болно гэв.

Хаан:

Хэрэв бид энд ахиад жаахан азнавал таны мэргэн үгийг магтсаар алтгүй үлдэх бололтой. Өвгөн ах танд сайн сайхныг хүсээд бид замаа хөөе дөө гэж хэлээд давхин оджээ.

 

 

Захидал

Жаалхүү ээж аавынхаа өгсөн мөнгийг хугацаанаас нь өмнө зарцуулж дууссан учраас мөрөөдөл болсон бөмбөгөө авч чадсангүй.

Удахгүй зуны амралт эхлэх гэж байгаа тул хүүгийн сэтгэл зовж ямар нэгэн байдлаар мөнгө олох арга хайж байлаа. Тэдний захиалдаг нэгэн сэтгүүлийн сүүлийн дугаарт “Ажил болгон хөлстэй” гэснийг уншаад хүү баярлан дэвхцэв.

Түүний бодлоор бол ээж аавдаа хийж өгсөн ажлынхаа хөлсийг заавал авах нь зүйтэй байв.

Хүү шалавхан хийх ажлынхаа жагсаалтыг гаргав. Үүнд:

Талханд явах 200₮
* Хог асгах 300₮
* Ээжтэйгээ цуг дэлгүүр явах 500₮ гэх мэтээр тооцоолоход сарын хөлс нь 10000₮ болж байв.

“Мэргэн арга” олсондоо баярласан жаал тэр жагсаалт бүхий цаасаа сэмээрхэн ээжийнхээ цүнхрүү хийв.

Өглөө нь жаалхүү сэрэхэд хажууд нь 10000₮ -тэй цуг бяцхан зурвас байж байв. Өчигдрийн бичсэн зурвас шиг мөртлөө ээжийнх нь гарын үсэгтэй тэрхүү цаасан дээр “Амь амьдралаа зориулан чамайг төрүүлж, өсгөн, хооллож, бүхий л амьдралын чинь турш чамайг харж хандсаны хөлс нь зөвхөн чиний хайр болон үнсүүлэх гэж өгсөн хацар чинь л юм шүү. Ажлынхаа хөлсөнд олсон энэ мөнгөө сайн сайхан зүйлд зориулаарай” гэсэн байлаа

Сайныг сийлж үлдээ

Энэ түүх хоёр дотны найзын тухай өгүүлдэг юм.

Энэ хоёр найз аян замд явахдаа нэг удаа ам муруйн муудалцаж нэг нь нөгөөгөө алгаджээ. Алгадуулсан найзынх нь хацар тун их өвдсөн боловч тэрээр юу ч хэлэлгүй элсэн дээр ингэж бичжээ:

“Өнөөдөр миний хамгийн сайн найз намайг алгадсан.”

Хоёр найз явсаар цөлийн дундах нэгэн баян бүрдэд иржээ. Тэгээд тэнд усанд орж амрахаар шийджээ. Усанд сэлж байтал алгадуулсан найз нь гэнэт намагт шигджээ. Намаг түүнийг хүчтэй сорон доошилж байлаа. Үүнийг харсан найз нь маш хурдан сэлж ирэн намгаас татаж гарган аварчээ.

Аврагдсан найз нь намгаас гарсны дараа нэг том хадан дээр “Намайг миний хамгийн сайн найз аварлаа” гэж бичжээ.

Найзыгаа алгадаж дараа нь аварсан нөгөө найз нь, “Чамайг алгадахад минь элсэн дээр бичсэн хэрнээ, аврахад минь яагаад хадан дээр сийлж байгаа юм бэ” гэж асуухад нөгөөх нь:

“Хэн нэгэн бидэнд муу зүйл хийхэд бид түүнийг сэтгэлдээ элсэн дээр бичих хэрэгтэй. Учир нь уучлах салхинд амархан арилаг. Харин хэн нэгэн танд сайн зүйл хийх юм бол чулуун дээр сийлэх хэрэгтэй. Ямар ч салхи бүү хийсгэн алга болгог гэсэндээ”

“Мууг элсэн дээр, сайныг хадан дээр сийлж сурцгаая.”

Таны амьдралын хамгийн чухал хүнийг олоход ганц хором байдаг бол түүнийг мартахад бүх амьдралаа зориулдаг.

Бялуу

Би өдрийнхөө талхыг авахаар мухлагт ирэхэд талх арай гарч амжаагүй байв. Тэлхчин: Та жаахан хүлээж байхгүй юу? Талх 2-3 минутын дараа гарна гэв. Намайг хүлээж байх зуур нэгэн настайвтар, энгэртээ одон медаль зүүсэн, бага зэрэг доголон эр орж ирээд талхчинтай мэндлэн тороо өглөө. Талхчин түүнд өчигдрийнх болов уу гэмээр хуучирсан талх хоёрыг гаргаж ирээд торонд нь хийж өгөв. Би талхчингаас яагаад шинийг өгөөгүйг асуухад талхчин: Өөрөө хүсдэг юмаа, их ядуу болохоороо надаас тал үнээр нь авдаг юм гэлээ. Би “Энэ хэн юм бэ?” гэж асуухад, талхчин: Ахмад дайчин, хүү бэр хоёроо автомашины ослоор алдчихаад хоёр нялх ихрийг нь харж хоцорсон. Тэгээд эднийгээ багахан цалингаараа өдий хүртэл тэтгэж яваа хүн дээ гэв. Түүний яриаг сонсоод надад өрөвдөх сэтгэл төрж, бага ч гэсэн тус болох юмсан гэж бодов. Тэгээд, зөрүүг нь би төлчихье, нэг ч гэсэн удаа шинэхэн талх идэг гэхэд талхчин зөвшөөрөн толгой дохиод талхыг шинээр сольж өгөөд, ах гуай та ч азтай хүн юмаа, өнөөдөр таны ихрүүд шив шинэхэн бялуу шиг талх идэх болно гэв. Өвгөн баярлан талхаа авах зуураа, бурхан чамайг ивээг хүү минь, өнөөдөр тэдний төрсөн өдөр болохыг та яаж мэдээ вэ? гэв.

Ээжийн өвөр

Хотын хамгийн аятайхан цэвэрхэн гэддэг цэцэрлэгт нялх хүүхдээ авч ирсэн залуу бүсгүй, захирал нь бололтой суух нэгэн хүнд хандан:

Би хүүхдээ танайд өгмөөр байна, миний сонссоноор танай цэцэрлэг хамгийн халамжтай, сайн асаргаатай, бас хүүхдэд юм зааж сургадаг гэсэн. Захирал инээмсэглээд, та зөв сонссон байна. Манай бүх юм таньд таалагдана гэдэгт найдаж байна гэж хэллээ.

Залуу эмэгтэй хүүхдээ түүнд танилцуулаад:

Тийм л бол сайн байна. Хүүхэд бүр багаасаа юмыг таньж мэдэж байх ёстой гэв. Захирал хүүхдийг нэг харснаа:

Охин хүүхэд юм шиг байна тийм үү? Аа нас нь нэг хагас юмуу хоёр.

Эмэгтэй:

Тийм тийм, та яг зөв хэллээ. Одоо ч юм сурах үе дээрээ байгаа, би их завгүй байдаг болохоор дандаа хэлж өгөөд байж чадахгүй юм.

Захирал ширээнийхээ нүднээс хэдэн бичиг гаргаад:

Бид гэрээгээ улирлаар хийдэг, энэ нь дээр байдаг юм. Та төлбөрөө нэг дор бөөнөөр нь хийгээд гэрээн дэх болзлыг зөвшөөрөх ёстой гэв.

Залуу бүсгүй гэрээг гүйлгэж хараад:

Мөнгө чухал бишээ, би дор нь шилжүүлчихнэ. Харин хамгийн доор бичигдсэн зүйлийг ойлгосонгүй гэлээ.

Захирал суудлаасаа босч:

Аан тийм, энэ их чухал гээд. Таны өмсдөг хувцаснаас нэг л байхад болно. Цамц юмуу эсвэл даашинз.

Цамц уу? гэж эмэгтэй гайхаад, энэ ямар хэрэгтэй юм бэ? гэж асуулаа.

Захирал:

Тиймээ энэ их хэрэгтэй. Хүүхдүүдийг унтахад үүгээр хучдаг юм л даа. Яг л ээжийнхээ өвөрт байгаа юм шиг байг гэж хэллээ.

 

                                                                                                                   Сэтгэгдэл үлдээх.......

                                              1 , 2-р хэсэг.. 3 .. 4 .. 5 .... 7 .. 8