Azimut

Геодезийн төлөө зүтгэе!!!!

Сургамжит өгүүллэгүүд 7-р хэсэг

Өр

Нэгэн өвгөн өөр шиг нь хөгширч газар налан бөхийсөн модны ойр уйлж суулаа. Түрүүхэн нь нэг залуу ирж, архины мөнгө нэхээд өгсөнгүй хэмээн цохиж авсан юм байжээ. Хөгшнийг газар унахыг нь харсан хүмүүс яаран гүйж очиж:

Яасан бэ? Та гайгүй юу? Тэр таныг яагаад ингэж байгаа юм бэ? гэцгээв.

Хөөрхий өвгөн юу ч болоогүй юм шиг байдал гаргахыг хичээн:

Би өртэй байсан юм л даа. Тэрнийгээ л нэхэж байна. Хийх ёстой л юмаа хийлээ гэв.

Цугласан хүмүүс өвгөнийг босгон таягийг нь гарт нь бариулаад тарцгаав. Бүх хүн явсны дараа болсон явдлыг эхнээс нь дуустал нь ажиглаж байсан өөр нэг залуу өвгөнийг сугадан:

Сэтгэл тань баахан хямарчихлаа. Хоёулаа энэ модны дэргэд жаахан сууцгаах уу? гэхэд:

Өвгөн ядарсан нүдээр залуу руу харан:

Би энэ модны сүүдэрт суух эрхгүй хүн. Үнэхээр надад тийм эрх байхгүй. Би би … гээд чимээгүй болов.

Залуу өвгөний хэлсэн үгийг ойлгосонгүй гайхан зогсож байтал өвгөн эхэр татан уйллаа.

Өвгөн гунигтайгаар:

Тавиад жилийн өмнө … гээд, би ааваасаа тамхины мөнгө нэхэж, загнасан юм. Яг сая миний хүүгийн намайг зодсон газар …

Залууд хэлэх үг олдохгүй гайхан хэсэг зогсов. Дараа нь ядарсан байдалтай байгаа өвгөнийг машинаараа гэрт нь хүргэж өгье гэв.

Өвгөн тэмтэчсэн алхаагаар цаашлангаа:

-Хэрэггүй дээ хүү минь. Би алхаад явцихья даа. Яг энд надаар загнуулж гомдсон эцэг минь явган буцаж байсан шиг. Явган явангаа хотын захад байдаг оршуулгын газраар дайран эцгээсээ уучлал гуйя гэлээ.

Аз жаргалын түлхүүр

Нэгэн худалдаачин аз жаргалын нууцыг олж мэдүүлэхээр хамгийн мэргэн ухаантай хүн рүү хүүгээ явуулжээ. Залуу хүү 40 хоногийн турш элсэн цөлийг гатлан туулж явсаар толгодын дээр сайхан харш байхыг олж хараад тийшээ очжээ.

Хайж явсан мэргэн нь энд амьдардаг байв. Мэргэнтэй уулзах гэсэн хүмүүс харшаар дүүрэн байлаа. Энэ харш хүүгийн бодож байсан шиг тийм сайхан үзэсгэлэн төгс харагдахгүй л байлаа. Хүү бүтэн 2 цаг хүлээж байж сая мэргэн ухаантантай уулзах завшаан олжээ. Хүүгийн зорьж ирсэн хэргийг анхааралтай сонссон ухаантан асуултанд хариулах тийм их цаг алга гээд хүүг харшийг үзэж танилцаад 2 цагийн дараа ир гэжээ.

Гэхдээ “Өөрөөс чинь нэг зүйлийг хүсье!” гээд хүүгийн гарт бага зэрэг шингэн тостой халбага өгөөд “Ордоноор зугаалж байхдаа халбагатай тосоо асгаж болохгүй” гэж анхааруулжээ. Хүү ч ордны шатаар өгсөж уруудан өнцөг булан бүрээр явжээ. Гэвч халбагатай тосноосоо нүд салгасангүй. Хоёр цагийн дараа мэргэн ухаантай дээр эргэж ирэв. Мэргэн ухаантай “За хүү минь ордноор зугаалж байхдаа хоолны өрөөний хажуугийн уран гоё хийцтэй хивсийг, цэцэрлэгчийн маань 10 жилийн хүч хөдөлмөрөө зарж босгосон цэцэрлэгийг, номын санд байгаа сайхан илгэн цааснуудыг маань харав уу?” гэж асуужээ. Хүү ч санаа зовон, халбагатай тосоо асгачихгүйн тулд өөр юу ч анзаарч чадаагүйгээ хүлээжээ. Мэргэн “Тэгвэл яваад ордны бүх сайхныг хараад ир” гэв.

Санаа нь амарсан хүү халбагатай тосоо аван ордонтой дахин танилцахаар гарчээ. Энэ удаа явахдаа хананд өлгөсөн урлагийн сайхан бүтээлүүдийг анхааралтай харж хичнээн сайхан болохыг нь мэдэрч байлаа. Үзэсгэлэнт сайхан цэцэрлэг, уран гоё хийцтэй сайхан бүтээлүүдийг харж нүд, сэтгэл баясгажээ.

Танилцаж дуусаад харсан үзсэн бүх сайхан зүйлээ мэргэн ухаантанд ярьжээ. Түүнийг анхааралтай сонссон мэргэн ухаантан хүүгээс “Чамд өгсөн халбагатай тос хаана байна?” гэж асуухад хүү сандран гар луугаа хартал тос нь аль хэдийнээ асгарсан байлаа. Юм харж алмайрсан хүү гарт байгаа халбагатай тосоо мартсан байжээ. Үүнийг харсан мэргэн ухаантай хүүд хандан, “Чамд өгөх ганцхан зөвлөгөө байна: Аз жаргалын түлхүүр нь “Халбагатай тосоо асгалгүйгээр бүх юмны сайхныг нь олж харах юм” гэжээ.” Орчин үед аз жаргал нь итгэл үнэмшил, амжилт, албан тушаал, алдар нэр, гэр бүл, асуудалгүй жигд амьдрал гээд бодит болон хийсвэр олон ойлголтоор хэмжигддэг. Гэвч мартаж болохгүй хамгийн чухал зүйл бол “халбагатай тос” буюу хүний мөн чанар юм.

 

Гутрангуйн гамшиг

Ник галт тэрэгний депод ажилладаг, ажилсаг, хүчтэй, сайн ажилчин байлаа. Найзуудтайгаа ойлголцдог, хүмүүстэй элэгсэг харьцдаг, ажлаа үнэн сэтгэлээсээ хийдэг байсан учир хүн бүр түүнд сайн байдаг байлаа. Түүний нэг сул тал нь гэвэл бүх юмыг муу талаас хардаг, бүх юмыг болохгүй, бүтэхгүй гэж байнга болгоомжлол айдас дунд байдаг байв.

Ямар нэг ажил хийхээсээ өмнө ч юмуу аль эсвэл ямар нэг зүйл тохиолдоход хамгийн муу үр дагаварыг нь боддог нэгэн байлаа. Зуны нэг өдөр депогийн засварчид, ажилчид даргынхаа төрсөн өдөрт очихоор эрт ажлаасаа тарж явцгаажээ. Энэ үед нэг хөргөчтэй вагонд засвар хийж байсан Ник, санамсаргүй вагоны хаалгыг дотроос нь хаажээ. Хаалга дотроосоо онгойдоггүй учир Никийн толгойд шууд л хөлдөж үхэх аюул орж ирэх нь тэр. Ник хаалгаа дотроос нь хичнээн балбасан ч хэн ч сонссонгүй. Сонссон нэг нь байнгын иймэрхүү чимээнд байдаг болохоороо тоосонгүй.

Ник ч үнэхээр айжээ. Эндээс гарахгүй бол хөлдөж үхнэ гэж бодсоор байв. Вагон дотор байсан уранхай цаасан хайрцаган дотор орж хэвтээд чичирч эхлэв. Нэг цаасны өнцөг дээр эхнэр хүүхдэддээ сүүлчийн бодлоо бичиж эхлэв. “Их хүйтэн байна. Бие минь бадайрч, мэдрэхээ болилоо. Унтаж чадвал их л сайн байхсан. Энэ миний сүүлчийн үг байж магадгүй.”

Өглөө болж ажилчид цугларч вагоны хаалгыг нээгээд Никийн хөлдсөн цогцсыг олжээ. Задлан шинжилгээгээр хөлдөж үхсэн нь тодорхойлогджээ. Гэвч хамгийн хачирхалтай нь тэр орой вагоны хөргөгч ажиллагаагүй байжээ. Вагоны доторх дулаан +18 хэм байсан бөгөөд агаар ч хангалттай байжээ.
Никийн айдас, түгшүүр, юм болгоныг муу талаас нь дэндүү их боддог нь түүнд үхэл авч иржээ. Тэрээр байнга хөлдөж үхнэ гэж бодсоор ийм болжээ.

Сүүний цаг

Хотын хамгийн үзэмжтэй сайхан барилгуудын хооронд орших нэгэн цэцэрлэгт нэг доголон муур амьдардаг байв. Төв гудамжны замбараагүй замын хөдөлгөөнд нэг хөлөө дайруулснаас хойш энд амьдрах болжээ.

Тэр хавийн хүмүүсийн хоолны үлдэгдэл энэ тэрээр хооллосоор бие нь овоо тэнхэрч удсан ч үгүй хэдэн хөөрхөн зулзага гаргажээ. Тэр муур зулзагануудаа ихэд энхрийлэн тэдний төлөө бүхнээ зориулдаг байлаа. Жижигхэн муужгайнууд ч хоорондоо эвтэй сүүгээ ээлж дараалан хөхөж өдөржин ноололдон наадна. Ингээд нилээд хугацаа өнгөрөхөд зулзаганууд ч өсөж том болцгоожээ.

Гэтэл нэгэн өдөр эх муур нэг зулзагатайгаа зэрэг зулзагалан эмээ болов. Эмээ болсон муур ач нараа хичнээн хайрладаг ч сүүнээсээ ерөөсөө өгдөггүй байлаа. Яг л сүүгээ өөр өөрийн ээжээс хөхөх ёстой гэсэн шиг. Гэтэл нэгэн өдөр тэр хавийн хүмүүс, эмээ муур ач нартаа сүүгээ өгч байхыг харлаа. Харин энэ үед ихэд өлссөн жижигхэн муужгайнууд өмнөхөн нь осолд орж нас барсан ээжийнхээ тухай юу ч мэдэхгүй байлаа.

Сул тал

Алдартай каратеч болох нь Мицумигийн цорын ганц хүсэл. Гэвч түүний аав, ээж, гэр бүлийнхэн нь энэ хүслийг нь огт хүлээн зөвшөөрдөггүй байлаа. Гэтэл нэгэн өдөр эзгүй тохиолдлоор хүү машины осолд орж зүүн гараа тайруулжээ. Энэ үед хүүгийн сэтгэл санааны хүнд байдлыг ойлгосон эцэг эх нь хүүдээ каратегийн багш хөлслөв.

Багш нь анхны хичээл дээр хүнээ баруун гараараа бариад эргүүлэн унагаах мэхийг зааж өгчээ. Тэгээд 2 дахь өдөр, 3 дахь ер нь бүх хичээл дээр энэ мэхийг давтан хийлгэсээр байв. Нэг мэх давтан хийсээр байгаад уйдсан хүү багшаасаа “Би ганц л мэх хийсээр байгаад уйдаж байна. Өөр мэх заахгүй юм уу?” хэмээн асуухад багш нь хүлээн авахгүйгээр барахгүй дэлхий дээр түүнээс өөр энэ мэхийг хамгийн хурдан хийх хүн үгүй болтол хийх хэрэгтэйг хэлжээ. Хүү ч маш хурдан болж нүд ирмэхийн хооронд л хийдэг боллоо.

Нэгэн гайхамшигтай өдөр багш нь гартаа түүнийг залуучуудын каратегийн аварга шалгаруулах тэмцээнд орж болохыг нь зөвшөөрсөн бичиг барьсаар хүрч ирлээ. Мицуми маш их гайхсан боловч юм хэлсэнгүй харин дараагийн өдөр тэмцээн дээр анхны өрсөлдөгчтэйгээ тулалдахаар рингэнд гарахын өмнө багшдаа “Багшаа би зөвхөн ганцхан мэх мэднэ. Мэдээж би ялаглдах байх” гэж хэлэхэд багш нь “Чи зөвхөн мэхээ л хий” хэмээн хариулжээ. Мицуми мэдэх ганц мэхээ хийсээр байгаад эцсийн тоглолт хүртэл амжилт байгуулав. Эцсийн тоглолтонд түүний өрсөлдөгч түүнээс 2 дахин том биетэй нэгэн байлаа. Мицуми хэдийгээр айж байсан боловч урьдын адил мэдэх ганц мэхээ хийж түүнийг ялан аварга болжээ. Тэр маш их баярлан багш дээрээ гүйж очоод “Багш аа би зөвхөн ганц л мэх мэднэ, тэгээд бас зөвхөн ганц гартай хирнээ аварга болчихлоо. Юу болоод байгааг би ойлгохгүй байна” гэхэд багш нь түүн рүү харж инээмсэглэн хэлсэн нь: “Чиний хийсэн мэх бол каратегийн хамгийн хэцүү мэхүүдийн нэг юм. Энэ мэхийг хариулах ганц арга байдаг нь эсрэг хүнийхээ зүүн гараас барих…”

Хайрын түүх

Нэгэн цагт Хайр, Уйтгар гуниг, Шунал, Мэдлэг, Аз жаргал, Их зан зэрэг хүний бүх мэдрэмж нэг арал дээр амьдардаг байжээ. Гэтэл арал нь живэх болсон тухай мэдэгдэж бүгд л арлаа орхин явахын тулд завиа бэлдэцгээжээ.

Хайр үргэлж бүгдээс хоцордог байсан тул юу ч болсон эцсийн мөч хүртэл хүлээхээр шийджээ. Тэгээд арал живэх үед Хайр тусламж гуйхаар шийдлээ. Шунал маш том завинд суугаад явахаар зэхэж байхад нь Хайр, “Намайг хамт аваад яваач” гэж гуйхад Шунал “Үгүй, завиндаа хэтэрхий их алт мөнгө ачсан учраас чамайг багтаах зай алга” гэлээ. Хайр, үзэсгэлэнтэй сайхан завинд суусан Их зангаас тусламж гуйхад тэр “Би чамд туслахгүй. Чи нэвт норсон байгаа тул завийг минь муухай болгочихно” гэжээ. Хажуудаа байсан Уйтгар гунигаас Хайр “Чамтай хамт явья” гэхэд хариуд нь “Өө Хайр минь, би үнэхээр их гунигтай байгаа тул ганцаар баймаар байна” хэмээв. Аз жаргал хажуугаар нь өнгөрсөн боловч туйлын аз жаргалтай байсан тул Хайр түүнийг дуудавч дуулсангүй.

Гэтэл Хайр хэн нэгэн өөрийг нь дуудаж байгааг сонсжээ. “Хайр минь, хүрээд ир би чамайг авч явья”. Нэгэн настан дуудсан байлаа. Харин Хайр өөрийгөө азтайд тооцон, баярласандаа түүний нэрийг асуухаа мартжээ. Шинэ газар очсон хойноо тэд өөр өөрийн замаа хөөжээ. Настанд хичнээн их өртэйгээ мэдэрсэн Хайр Мэдлэгээс “Надад хэн тусласан юм бэ?” гэж асуув. Тэр “Цаг хугацаа” гэж хариулжээ. “Цаг хугацаа гэнэ ээ? Яагаад надад тусалсан юм бол?” Мэдлэг инээмсэглэн байж хариулсан нь “Учир нь зөвхөн Цаг хугацаа л Хайр хичнээн агуу, чухал зүйл болохыг ойлгодог” гэжээ.

Уучлах гэдэг ямар сайхан гээч…

Амьдралдаа зөвхөн нэг удаа ярилцсан хүнийг дөчин гурван жилийн дараа санах нь тийм ч амар зүйл биш. Арван хоёр настай бяцхан жаал байхдаа халаасны мөнгө олох гэж айлуудад сонин тараадаг байлаа.

Тэр үед одоо нэрийг нь санахгүй байгаа нэг настай эмэгтэй миний үйлчлүүлэгч байлаа. Уучлах гэдэг нь ямар гайхамшигтай агуу зүйл болохыг тэр эмэгтэй надад ойлгуулсан юм.

Нэгэн бямба гарагт өдөр би хэдэн найзуудтайгаа тэдний цэцэрлэгийн арын хашаан дээр суун байшингийн дээвэр лүү нь бяцхан чулуу нүүлгэн дээврийг оноод бууж байгааг чулууг харваж байгаа одтой зүйрлэн баясаж байлаа. Гэтэл миний шидсэн нэг чулуу арын хаалганы цонхыг онох нь тэр. Цонхны хагарах чимээг сонсон бид ухаан жолоогүй тэндээс зугатацгаав. Настай эмэгтэй биднийг хараагүй гэдэгт би итгэлтэй байсан ч, бүтэн шөнийн турш харсан бол яана гэсэн бодол намайг унтуулсангүй. Маргааш нь хаалгыг нь тогшин сонингоо өгөхөд минь тэрээр урьдын адил дотно, дулаахан инээмсэглэлээрээ намайг угтан мэндиийг минь мэдэв. Харин би хийсэн гэмээсээ ичин нүүр лүү ч харж чадахгүй байв. Ингээд би сонин тараасныхаа хөлсийг цуглуулахаар шийдлээ. Гурван долоо хоногийн дараа яг долоон доллар цуглуулав. Нэг цаасан дээр “Гэрийн тань арын хаалганы цонхыг санаандгүй хагалсныг минь уучлаарай. Энэ дугтуйн дахь мөнгө цонх шиллэхэд хүрэлцэнэ гэж бодож байна.” гэж бяцхан зурвас бичээд мөнгөний хамт дугтуйлан харанхуй болохыг хүлээж байгаад хаалганых нь дэргэдэх шуудангийн хайрцагт хийв. Маргааш нь настай эмэгтэйгээс санаа зовох зүйлгүй инээмсэглэн хаалгыг нь тогшив. Тэр урьдын адил дотно сайхан инээмсэглэлээр угтлаа. Би ч гэсэн айх юмгүй эгцлэн харж инээмсэглэлээ.

Сонингоо өгөөд эргэтэл тэр “Өө, бүр мартахаа шахлаа! Чамд өгөх гэж жигнэмэг бэлдсэн юм.” гээд боодолтой юм өглөө. Тэднийхээс гарч байхдаа их л баяртайгаар жигнэмэгээ идэж эхэллээ. Хэдийг идсэний дараа дахиад нэгийг авах гэтэл нэг дугтуй гарт баригдав. Гаргаж ирээд яаран задалтал дотор нь долоон долларын хамт: “Хүү минь, би чамаар бахархаж байна.” гэж бичсэн байлаа.

Харахын тулд заавал нүдтэй байх албагүй

Тэрээр гацаанд анх удаа ирж байгаа тул очоод газар мэдэхгүй ийш тийш харан зогсож байв. Тэгээд замын хажууд тавьсан машины арын суудалд ганцаараа сууж байгаа жаалхүүгээс
- Ах нь энэ гацаанд анх удаа ирж байгаа юм л даа. Цэцэрлэгийн хажууханд талхны газар байгаа гэж хэлсэн юм.
Хүү машины цонхыг онгойлгон,
- Би ч гэсэн эндхийх биш л дээ. Гэхдээ та баруун тийш явах хэрэгтэй юм шиг байна. Нөгөө хүн гайхан, хүүгээс яаж мэдсэнийг нь асуухад хүү инээмсэглэн,
- Далдуу модны анхилуун үнэрийг та үнэртэхгүй байна гэж үү ? Бас шувуудыг жиргээ тэр зүгээс сонсогдож байна гэв.
- Тиим л дээ, гэхдээ тэр анхилуун үнэр, шувуудын жиргээ цэцэрлэгээс бус, зүгээр нэг тэр хавьд ургасан ганц модноос үнэртэж байж болно шүү дээ!
- Ганц модноос ингэж үнэртэхгүй . Тэгээд ч замбага цэцэг бас үнэртэж байна. Та ч гэсэн сайн үзэх юм бол тэр зүгээс шинэхэн талхны үнэр ч бас ирж байна.
Нөгөө хүн нүдээ бага зэрэг анин сайтар үнэрлээд үнэхээр хүүгийн хэлсэнээр шинэхэн талхны үнэр үнэртэв. Тэгээд тэр хүүд баярласан талархсанаа илэрхийлэн мөнгөн дэвсгэрт гарган хүүд өгөхөөр сунгангаа жаал хүүгийн сохор болохыг анзаарчээ. Баярлаж талархсанаа илэрхийлж байсан хүний дуу гэнэт намжсанд хүү өөрийг нь сохор гэдгийг нөгөө хүн анзаарсныг мэдээд нүдээ нуун нөгөө тийш эргүүлэв. Тэгээд,
- Би гурван жилийн өмнө нэг осолд орсон юм. Дахин харахыг ямар их хүсдэг гээч ! Харин таны нүд эрүүл, та бүхнийг хардаг байх тийм үү ? Нөгөө хүн хүүгийн заасан зүг рүү явангаа,
- Харин одоо хардаг эсэхдээ итгэлтэй биш болчихлоо. Харин чамайг надаас илүү хардаг гэдэгт итгэлтэй байна гэжээ.

 

Хүн доторхи хүн


Таны дотор хүн байна гэвэл итгэх үү? Хааяа хичээлээ хийх гээд номоо уншаад л байдаг эцэст нь ойлгосон зүйлгүй би юу уншчихваа гэж боддог. Харин тэр үед миний тархи яачихсан юм бэ? Уншаад байхад юу ч ойлгодоггүй. Эсвэл энэ шинжлэх ухааны нэр томъёо, тодорхойлолт болохоор ойлгомжгүй байгаа юм байна гээд бусдаас асуухад ойлгочихсон л байдаг. Ингээд та өөрийгөө чамлаж өөртөө гомдож яагаад би ойлгодоггүй юм бэ гэсэн асуултыг өөртөө тавьж стресст ордог.
Энэ юуных вэ? Тэгвэл бүхнийг удирдагч бидний доторхи хүн маань энэ хичээлийг уншихыг хүсээгүй гэсэн үг. Яагаад гэвэл доторхи хүн өөр юм бодож байсан болоод тэр. Заримдаа бид юм бодож суухдаа бусдын хэлж буйг анзаардаггүйтэй адил шүү дээ. Тэгээд л бид дүнгийн төлөө бусдаас хичээлээ хуулаад өнгөрдөг ч сэтгэл тавгүй нэг л юманд санаа зовоод байх шиг сэтгэгдэл төрдөг шүү дээ. Энэ юу хэлээд байна вэ гэвэл доторхи хүн маань биднийг үнэлэхгүй байгаагийн тод илрэл. Хааяа бид 7 хоногийг маш их ачаалалтай өнгөрүүлж энгийн үед 30 хуудас унших гэж зовдог бол одоо бүр нэг номын хэмжээний зүйл судлах болох нь гэсэн төвөгшөөсөн бодол цухас бодогддог ч хийх гэсэн зүйлээ амжуулж чаддаг. Уг нь ийм бүтээлч чадвар бидэнд байдаг. Харин энэ чанар зарим үед яагаад алга болчихдог вэ? Хэрвээ бүтээлч сэтгэхүйгүй бол ямар үр дагавар ирэх бол гэж бодож байсан уу? Энэ асуулт танд нэгийг бодуулж хоёрыг мэдрүүлэх байх.
Хүмүүс өөрийнхөөрөө байх шиг сайхан юм байхгүй гэж ярьцгаадаг. Өөрийнхөөрөө байх. Хэн нэгэн хүнд хайртай болж түүнийхээ төлөө өөрийгөө өөрчлөх нь өөрийнхөөрөө байна гэсэн үг үү? Аль эсвэл доторхи хүндээ итгэж захирагдаж байвал өөрийнхөөрөө байна гэсэн үг үү?
Энэ бүхний эцэст та, би ямар хүн бэ гэдгээ нэвтэрхий мэдэж дүгнэж чаддаг бил үү. Чаддаг бол доторхи хүнтэйгээ нэгдэн нэгэн махбодь оюун ухааны төгс нийлэмж болохоо мэдэрнэ. Хүмүүс доторхи хүнтэйгээ бүрэн ойлголцдоггүйн улмаас зөрчилд хүрдэг. Энэ зөрчлөөс гарахын тулд өдрийнхөө хэсэгхэн хормыг өөртөө зориулж дотор хүнтэйгээ ярилцах хэрэгтэй. Хэрвээ ярилцаж чадахгүй байгаа бол бясалгал хийх нь ярих чин хүслийг тань нээж өгнө. Дотоод зөрчил нь зүүд зөн совинтой холбоотой байдаг. Тийм учраас сэтгэл санаа хоёрдож хүсэл, ухаан хоёр зөрчилдөж байдаг. Энэ нь таны итгэл үнэмшлийг мохоож стресст хүргэдэг. Ийм дотоод зөрчилгүй байвал та өөрийгөө хөгжүүлж чадна. Өөрийгөө хөгжүүлэхдээ өөрт байгаа зорилгоо биелүүлэхийн тулд юу хүсэж байгаагаа мэдэрч дотор хүнтэйгээ хамтран нэгэн сэтгэлээр өчүүхэн бага ч гэсэн идэвхи гаргавал агуу их амжилт таны өмнө байна. Амжилтаа мэдрэхийн хэрээр та санаа бодол, авъяас чадвараа зорилгодоо ашигласнаар амьдрахын утга учрыг ухан ойлгож гэгээрэхүйд хүрэх мөрөөдөл тань биелэх болно.
Та ч гэсэн тодорхой зорилготой байгаа биз. Тэгвэл яг одооноос өөрийн нөөц бололцоогоо ашиглан зорилгодоо хүрэх зорилт тавиад үнэн сэтгэлээсээ хэрэгжүүлээд үз. Ингэвэл таны чадварлаг эмч, эрдэмтэн болох гэсэн цаашдын зорилго ойрхон байгааг санаарай.
Хичээлээ хийж эхлэхдээ өөрийн доторхи хүнээ хичээл хийхэд бэлтгэх хэрэгтэй. Яагаад гэвэл ойлгохгүй нэг цаг уншсанаас ойлгоод таван минут уншсан нь илүү үр дүнтэй. Ийм учраас доторхи хүнийхээ тэхэхсэн ингэхсэн гэсэн хүслийг түр сатааруулж би яг одоо үүнийг л хийх ёстой гэж түүнтэй тохиролцон тэр зүйлдээ төвлөрөх хэрэгтэй. Ингэж оюун санаагаа “хэсэн тэнүүчлэх”-ээс хамгаалж чадвал ямар нэгэн бодох зүйлгүй хичээлээ хийх нөөц бололцоо ямар ч орчинд хангагдана. Хэрвээ тэр хичээлийг хийх дургүй байгаа бол яавал энэ хичээлд би сонирхолтой болох вэ гэдэгт аргумент дэвшүүлж чаддаг байх ёстой. Хүмүүс өөрийгөө сайхан амьдрахын тулд би сурч байна гэж боддог. Харин та сурахын тулд би зовж амьдардаг гэсэн сэтгэхүйгээр өөрийгөө өөрчилж чадвал мөрөөдөл аз жаргалдаа хүрэхэд тань хамгийн дөт зам байх болно.

                                                                                                                                                                                                                                                                                                                              Сэтгэгдэл үлдээх.......

                                     1 , 2-р хэсэг.. 3 .. 4 .. 5 .. 6 .... 8